АНУ-ын Конгрессын Хятадын асуудлаарх Гүйцэтгэх комиссын (CECC) хуралд Өвөр Монгол дахь хүний эрхийн нөхцөл байдал улам бүр дордож байгаа 17 настай охин илтгэл тавьжээ. Энэ талаар өмгөөлөгч А.Пүрэвдуламын нийтлэлийг онцлох постоор хүргэж байна.
Өмгөөлөгч А.Пүрэвдулам: Бахархаж байна. 17 хон настай Өвөрмонгол Тогочог Тэмүлүн охин АНУ-ын Конгрессын Хятадын асуудлаарх Гүйцэтгэх комиссын (CECC) хуралд Өвөр Монгол дахь хүний эрхийн нөхцөл байдал улам бүр дордож байгаа талаар илтгэл тавьжээ.
Бидний тасарсан мах, үсэрсэн цус Өвөрлөгч ахан дүүс минь бага залуу гэлтгүй байдаг чадлаараа л ийнхүү тэмцэж байгаа нь үнэхээр бахархууштай бас их өр өвтгөм
Эх хэл, өв соёлоо алдахын зовлонг биднээс илүү мэдэрч буй тэдэндээ бага ч гэсэн дэм болохсон. Явж явж энэ бол Ар, Өвөр гэлтгүй бид бүгд нэг л Монгол, нэг л мөн чанарын төлөө тэд дуу хоолойгоо хүргэж байна.
Эх хэл бол хүний оюун ухааны ундарга, үндэсний ухамсрын илэрхийлэл юм. Хүүхдэд хэлд орохдрр “ээж, аав” хэмээн эгшиглэх тэр үг нь зөвхөн гэр бүлийн дуудлага төдий бус, үндэстний дархлаа, соёлын өвийн эхлэл гэдэг нь маргашгүй үнэн. Эх хэл бол зүгээр нэг харилцааны хэрэгсэл биш. Энэ бол ард түмний амьдралын түүх, сэтгэлгээний илэрхийлэл, хойч үедээ өвлүүлэх үнэт эрдэнэ юм. Хэл мартагдвал соёл алдагдаж, түүх бүдгэрч, үндэстний оршихуйд аюул учирдаг. Тиймээс эх хэлээ хайрлан хамгаалах нь зөвхөн нэг хүний үүрэг бус, нийт ард түмнийх билээ. Монгол хүний дархлаа нь зөвхөн газар нутгийн хилээр хэмжигдэхгүй. Бидний үндэсний ухамсар, соёл, хэл энэ хил хязгаарыг батжуулдаг. Газар нутгаа хамгаалж үлдэхийн төлөө олон арван жил тэмцэж ирсэн шигээ, хэл соёлоо мартахгүй, хойч үедээ өвлүүлэхийн төлөө бид өнөөдөр тэмцэх ёстой. Эх хэлээ хадгалж, соёлоо цэвэр авч үлдэх нь бидний тусгаар тогтнолыг бататгах үндэс суурь юм. Хэлгүйгээр бид хэн ч биш. Соёлгүйгээр бид хаашаа ч явж чадахгүй. Тиймээс “эх орон” гэдэг үг зөвхөн газар шорооны тухай биш, эх хэл, өв соёл, үндэсний дархлааны тухай юм.
Өсөхөөс сурсан үндэсний хэл,
Мартаж болшгүй соёл,
Үхтэл орших төрөлх нутаг,
Салж болшгүй орон гэсэн хэдхэн үгээр агуу Д.Нацагдорж миний нутаг шүлэгтээ эх орон, үндэсний хэл соёл гэсэн 2 багана дээр улс оршин тогтдог гэдгийг тов тод илэрхийлсэн нь гайхамшиг гэлтэй.
Сэтгэгдэл (2)