НҮҮРСЭН ЯНДАН БА ШАГИЙН НАЙМАА

Admin
2025/01/18

Утаа, тоосжилт, хөрсний бохирдол гээд Улаанбаатар хотын иргэд жилийн 4 улирал агаарын бохирдлын эсрэг тэмцдэг. ASU.mn сайтын редакц өнгөрсөн долоо хоногт утааны эсрэг гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төслийн тухайн хөндсөн бол энэ удаад автомашины яндангаас гарч буй угаарын тухай хүргэж байна.

“Агаарын бохирдлын гол шалтгаан нь тоосонцор, хүхрийн исэл, азотын исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, нүүрстөрөгчийн давхар исэл гэсэн үндсэн хийнүүд байдаг. Гэтэл дотоод шаталтын хөдөлгүүр нь дээр хэлсэн хортой хий, азотын оксидуудыг гаргахаас гадна хүхрийн исэл, бинзиприн, бинзолийн цагаригтай органик хортой бодисуудыг агаарт гаргадаг байна”

2023 онд агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийн 28 хувийг автомашины утаа эзэлж байна гэх дүн мэдээ гарч байв. Учир нь Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 800 мянган автомашин бүртгэлтэй байна. Үүний 80-аас дээш хувийг арваас дээш жилийн насжилттай автомашин эзэлж байгаа учраас агаарын бохирдлыг ихээр үүсгэж байгаа юм. Автомашины утаанаас 200 гаруй химийн бодис ялгардаг бөгөөд үүнд хамгийн хортой хүнд металлууд буюу азотын давхар исэл байдаг. Автомашины тоо нэмэгдэх тусам азотын давхар исэл агаарт ялгарч, бохирддог байна.Үүний улмаас иргэд амьсгалын замын астма болон уушгины бронхит өвчинтэй болдог бөгөөд бага насны хүүхдүүд ихээр өвчилж, хүндээр тусдаг. Учир нь зам дээр явж байгаа, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд өндрийн хувьд насанд хүрсэн хүмүүстэй харьцуулахад намхан учраас хортой утаагаар амьсгалах магадлал өндөр байдаг.

“Мөн манай улсад уушгины хавдраар өвчилсөн тохиолдол  2023 онд 319 байсан бол 2024 онд 473 болж нэмэгджээ”

Ингээд агаарын бохирдолтой тэмцэхээр гэр хорооллын яндангаас гадна автомашины яндантай тэмцэж эхлэв. Тодруулбал нүүрсэн яндангүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй талаар Улаанбаатар хотын захирагч  Х.Нямбаатар өнгөрсөн сард мэдэгдсэн.

Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 804 мянган автомашин бүртгэлтэй бөгөөд дийлэнх нь “Toyota prius”  маркийн автомашин юм. 2024 оны гуравдугаар сарын байдлаар Монгол Улсад импортоор орж ирсэн суудлын автомашины 47 хувь нь “Toyota prius” маркийн машин байгааг Гаалийн Ерөнхий газраас танилцуулж байсан. “Toyota prius”  машины нүүрсэн яндан худалдаж авна гэсэн зар 2018 оноос тавигдаж энэ төрлийн наймаа цэцэглэсэн. Нүүрсэн яндан гэдэг нь автомашины катализатор юм. Энэ нь дотроо хатуу ган болох цагаан алт, паллади, хөнгөн цагааны исэл зэрэг үнэт металл агуулдаг учраас түргэн хугацаанд азотын ислийн 7 нэгдэл, угаарын хий, нүүрстөрөгчийн ялгаварлалыг багасгах зориулалттай аж. Гэвч агаарын бохирдол хэрээс хэтэрч байгаа тухай хашхирах нийслэлийн иргэд маань нүүрсэн яндангаа зарж өөрсдийнхөө амьд явах эрхийг зөрчсөөр байв. Бүтэн 6 жилийн турш үргэлжилсэн энэ наймааг төр мэдээгүй биш мэдсэн ч дорвитой арга хэмжээ авалгүй явсаар 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нүүрсэн яндангүй машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй шийдвэр гаргав. Тодруулбал тээврийн цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөнд оролцож буй нүүрсэн яндангүй автомашины жолоочдод эхний удаа сануулж дараагийн удаа шууд автомашиныг нь журамлаж, зориулалтын нүүрсэн яндан тавьсан тохиолдолд хөдөлгөөнд оролцуулна гэдэг албадлагын арга хэмжээ авч эхэлсэн юм.

“Өнгөрсөн жил 40,000 нүүрсэн яндан зарагдаж хил давсан гэх мэдээллийг албаныхан өгсөн”

 Уг нь нүүрсэн яндан худалдаалах нь хууль бус боловч наймаачид эрээ цээргүйгээр нүүрсэн яндан авна гэсэн зарыг зарын группүүдэд тавьж өнөөдөр ч энэ наймаа үргэлжилсээр байна.  Автомашины нүүрсэн яндангийн талаар зохицуулсан хууль, эрх зүйн акт байхгүй учраас автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах талаар зохицуулах шаардлага аль хэдийн гарсан ч дорвитой арга хэмжээ авахгүй явсаар өнгөрсөн онтой золгосон. Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн 2024 оны 3 сард улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад нүүрсэн янданг оруулах УИХ-ын тогтоолын төслийг санаачлан УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм.  Өнгөрсөн хугацаанд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад багтдаггүй тул хулгайн замаар болон бусад байдлаар цугларсан нүүрсэн янданг энгийн горимоор гаалийн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлдэг байсан. Мэдээж тухайн үед хууль, хяналтын байгууллагууд худалдан авалтыг таслан зогсоож, дээрх шийдвэрийг эрт гаргасан бол  агаарын бохирдол ч өнөөдрийн хэмжээнд хүрэхгүй байх байлаа.Эсвэл өмнөх хотын захирагч болон тэдний зөвлөхүүдэд нүүрсэн яндангүй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх мэргэн ухаан төрөөгүй юм  болов уу?

“Япон машины жолооч нар нүүрсэн яндангаа үйлдвэрлэсэн оноос хамааран 350,000- 2,000,000  төгрөгийн хооронд зарсан. Харин нүүрсэн яндагүй машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, журамлана гэсэн шийдвэр гарснаас хойш нүүрсэн яндан зарна, машинд суурилуулж өгнө гэсэн зар ихээр нэмэгджээ”

 Харамсалтай нь жолоочид маань эргээд нүүрсэн яндангаа худалдаж авахад зарсан үнэнээс даруй хоёр дахин нэмэгдсэн байна.Нүүрсэн яндан дотор цагаан алт байдаг, тус алтыг гаргаж хил давуулдаг мөн Хятад улсаас агаарын бохирдол, утаатай тэмцэх зорилгоор утаа их хаядаг автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хууль гарч, сайн шүүлтүүртэй яндангийн эрэлт нэмэгдсэн нь эдэлгээ удаан, шүүлтүүр сайтай элемент агуулдаг Япон Улсад үйлдвэрлэгдсэн хайбрид автомашинуудын нүүрсэн яндангийн эд ангийг дамлан зарах, хулгайлах гэмт хэргийн гаралт нэмэгдсэн юм.

Нүүрсэн яндангүй машин нь хорт хий ялгаруулж агаарын бохирдол үүсгэхээс гадна автомашины мотор, явах эд ангид муугаар нөлөөлдөг. Иргэд маань утаа, угаар, агаарын бохирдол, замын эвдрэлээс үүдсэн машины эд ангийн элэгдлийн тухай ярьж төр засгаас хариуцлага нэхэх боловч өөрсдөөсөө асуух нь ховор ажээ. Ямартай ч Төр засгийн хачирхалтай шийдвэрүүд, иргэдийн ухамсар, хариуцлагагүйгээс болж бяцхан зүрхнүүд хорт хийгээгээр амьсгалсаар байна. Магадгүй дээдсийн бодлогоор хэрэгжсэн нүүрсэн яндангийн наймаа үргэлжилсээр яндангаа зарсан иргэд маань эргээд яндангаа хайх ажилдаа оржээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна