Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 244 км-т, Улаан-Уул сумын төвөөс баруун хойд
зүгт 80 км-т 4 дүгээр багийн “Шаана” гэдэг газар 01 дүгээр сарын 09-ний
өдрийн 23:33 цагт газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн хүч нь 4.0 магнитуд
байсан тухай мэдээллийг мөн өдрийн 23:39 цагт ООГХ-ээс цахим шуудангаар
ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Улаан-Уул сумын Засаг даргын
Тамгын газрын дарга, багийн Засаг дарга, иргэдээс тодруулахад газар
хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай
мэдээллээ.
Газар хөдлөлтийн шинж тэмдгүүд:
- Байшин донслон хөдлөх
- Чийдэнгийн бүрхүүл болон өлгөөтэй эд зүйлс савах
- Шилэн сав суулга харших, дуугарах, хагарч буй шилний чимээ гарах
- Хүнгэнэсэн дуу ойртох
- Хэрвээ ийм шинж тэмдэг мэдрэгдвэл нэн түрүүнд байшин барилгыг яаралтай орхих,
хүмүүсийг гадагш хурдан гаргах эсвэл тасалгааны аюулгүй байрыг эзлэх
хэрэгтэй
Газар хөдлөлтийн үед юу хийх вэ?
- Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол:
- Тайван бай, үймж сандрах хэрэггүй
- Аюулгүй газар хорогдох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт.
- Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх
- Бат бөх ширээн доогуур орох
- Цонхноос хол байх
- Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх
- Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага
- Газар хөдлөх үед гадаа байгаа бол:
- Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох
- Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарах хэрэгггүй
- Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, тунелээс холдох, ил задгай талбай олох
- Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх
- Театр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа суугаад толгойгоо хамгаалах
- Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй
- Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжлох.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна