“Азийн цагаан дагина Улаанбаатар” гэдэг байсан улсынхаа нийслэлийг бид Утаанбаатар гэж нэрлээд олон жилийг үджээ. Энэ нэрдээ иргэд маань ч дасаад овог нэрээ хэлж байгаа юм шиг Утаанбаатарын иргэн гэх нь холгүй...
Улаанбаатарыг утаанаас салгах гарц гаргалгааг эрдэмтэн, инженерүүд бүү хэл энгийн иргэд ч хэлсээр байна. Гэвч шийдэлд хүрсэнгүй хэвээр л... Арга барахдаа иргэд маань гэр хорооллын иргэд рүү дайрч тэд л гал түлж утаа гаргалаа гэх. Үүнээс болоод хойд, урд хоёр байрны хүүхдүүд чулуу нүүлгэж байлддаг шиг л байрныхан, гэр хорооллынхон хоёр талцаж сошиалаар нэг нүдэлцэв.
Ад болоод байгаа гэр хорооллын иргэдийг байранд оруулж утааг багасгах гээд төр засгаас авсан арга хэмжээ бол гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, орон сууцжуулах төсөл юм.
Монгол Улсын Их хурлаар батлагдсан “Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т нийцүүлэн нийслэл хотын гэр хорооллыг 3 бүсчилж хувааж хөгжүүлэхээр тусган , тус бүрд нь авах арга хэмжээ, хүрэх үр дүнг тодорхой болгон, НИТХ-ын 2013 оны 7/29 тогтоолоор 12 байршил, 51 хэсэгчилсэн талбай, 2013 оны 12/43 тогтоолоор 1 байршил, 1 хэсэгчилсэн талбай, 2014 оны 19/23 тогтоолоор 3 байршил 10 хэсэгчилсэн талбай, 2018 оны 127 тогтоолоор 1 байршил 1 хэсэгчилсэн талбай, 2019 оны 161 тогтоолоор № байршил 1 хэсэгчилсэн талбай, 2020 оны 48 тогтоолоор 1 байршил, 6 хэсэгчилсэн талбайг тус тус баталжээ. НИТХ-ын тогтоолоор нийслэлийн 8 дүүргийн нутаг дэвсгэрт 26 байршил 83 хэсэгчилсэн талбайг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршлаар баталсан бөгөөд энэ нь 16630 нэгж талбар бүхий 1540 га газрыг хамарч байгаа бөгөөд гэр хорооллын нутаг дэвсгэрийн 15,8 хувь, хүн амын 9 хувийг эзэлж байгаа юм. Дээрх нийт талбайд төсөл хэрэгжүүлэгчдийн баталсан ХЕТ-ний дагуу 148,323 айлын орон сууц, 60 сургууль, 92 цэцэрлэг,14 эмнэлгийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 41 хэсэгчилсэн талбайд 38 төсөл хэрэгжүүлэгч компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж байна.
Нийт төслийн хүрээнд 2015-2024 онд 20247 айлын орон сууцийг ашиглалтад оруулжээ.Харамсалтай нь 2013-2023 оны хооронд газраа өгсөн 640 өрх айл хохирсон байна. Эдгээр иргэдийн асуудлыг шийдэхийг хотын дарга Х.Нямбаатар үүрэг болгон, өнгөрсөн оны 4 дүгээр сард 24 өрхийн асуудлыг шийдэж, орон сууцны түлхүүрийг хүлээлгэж өгсөн юм. Эдгээр айл нь 2014, 2020 онд гэрээ хийж, газраа чөлөөлсөн ч барилгын компаниуд үйл ажиллагаагаа явуулж чадаагүйн улмаас төсөл хэрэгжээгүй тул иргэд 4-9 жилийн турш байрандаа орохыг хүлээж, орон гэргүй амьдарчээ. Энэ бол ердөө газраа чөлөөлөөд хохирсон иргэдийн тоо юм.
Харин гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдаж буй байранд захиалга өгсөн олон мянган иргэн байрандаа орж чадалгүй байрны гэрээ, мөнгө төлсөн баримтаа барин айлд, түрээсийн байранд хоног төөрүүлсээр...
Төслөөс гадна баригдаж буй барилгын компаниудад захилга өгч хохирсон иргэд ч мөн олон. Эдгээр барилгууд яагаад одоог хүртэл баригдахгүй байгаа, иргэдийн мөнгийг авсан барилгын компанийн удирдлагууд хариуцлага хүлээхгүй байна вэ? Хуулийн цоорхой юу?
Жишээ татъя. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн баталгаажуулах төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн хуучнаар 8,16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Батлан хамгаалахын их сургуулийн орчим ГХДТ-2013/6 багц “Б” БЛОК ХЭСЭГЧИЛСЭН ТАЛБАЙД "Баганат өргөө" ХХК-ийг нийслэлийн Засаг даргын 2013 оны А/535 захирамжаар төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан байдаг. 2019 онд батлагдсан төлөвлөлтөөр Баганат өргөө ХХК-нь 4583 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулах үүрэг хүлээжээ.
Төсөл одоо ч үргэлжилж 1639 айл гэрээний дагуу орон сууцандаа ороод байгаа бол барилгын явц зогсож царцсан хэд хэдэн барилга байгаа бөгөөд захиалагчид царцсан барилгаа хэзээ нэг өдөр баригдах болов уу хэмээн хүлээсээр 5 жилийг өнгөрөөжээ.
Учир нь “Баганат өргөө” ХХК-ийн туслан гүйцэтгэгч хэд хэдэн компанийн барилгын ажил зогсоод 5-3 жил болж байна. Гэвч төслийг хэрэгжүүлэгч “Баганат өргөө” ХХК ямар ч хариуцлага хүлээгээгүйгээр үл барам Нийслэлийн орон сууцны корпораци руу гүйцэтгэгч “Мөнгөн саран хас” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээгээ цуцалсан тухай албан бичиг илгээжээ.
Иргэд олон байр барьж ашиглалтад оруулсан найдвартай газар гэж “Баганат өргөө” ХХК-ийг сонгосон ч, “Баганат өргөө” ХХК гүйцэтгэгч компаниа хэрхэн, ямар шалгуураар сонгосон нь эргэлзээтэй. “Баганат өргөө” ХХК нь ажлын туршлага, хөрөнгө санхүүгийн боломж, эрсдэлийг даван туулах чадамж зэргийг үл харгалзан зөвхөн танил талаа дулдуйдан гүйцэтгэх компаниа сонгосон нь эгэл жирийн ард иргэд эд хөрөнгө, санхүү, цаг хугацаа, сэтгэлзүйгээр хохирохын хамгийн том үндэс болжээ.
“Баганат өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир нь өөрийн багын найз гэх Т.Билгүүний “Мөнгөн саран хас” ХХК- тай 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр №ХО-14/21 ТООТ гэрээ байгуулж гүйцэтгэгчээр сонгожээ.
“Мөнгөн саран хас” компанийн борлуулагч Н.Болормаа нь 105 айлын орон сууцыг зарж борлуулахдаа давхардуулан 155 айлд борлуулсан бөгөөд захилагчдын төлбөрийг өөрийн хувийн дансандаа авч мөнгө идсэн нь тогтоогдсон байна. Гэвч тус компанийн борлуулагч Н.Болормаа болон захирал Т.Билгүүн нь одоог хүртэл хуулийн ямар ч хариуцлага хүлээгээгүй, хилийн хориг ч үгүй алхаж явна.
Н.Болормаа "Мөнгөн саран хас" ХХК-ийн борлуулагч
"Мөнгөн саран хас" ХХК-ийн захирал Т.Билгүүн, эхнэр Г.Бямбасүрэн, хүүхдийн хамт
Давхардуулан борлуулсан уг хэргээс болоод 2022 оны 2 дугаар улиралд ашиглалтад орно гэж гэрээн дээр заасан 16 давхар баригдах тус барилга нь 14 давхар дээрээ 2 жил гацжээ. Захиалга өгсөн 155айл 40,000,000-125,000,000 сая хүртэлх төгрөг тус компанид төлсөн байна. Мөн гэрээн дээр байгалийн гамшгаас бусад тохиолдолд гэрээнд заасан хугацаанаас 60 хоногоос хэтэрсэн бол хоногийн 0,5 хувиар тооцож гүйцэтгэгч тал захиалагч талд өгнө гэж заажээ. Гэвч хохирсон иргэд маань алданги тооцож мөнгөө аваад байрандаа орох нь бүү хэл нэмж мөнгө төлж байрандаа орохоор болсон байна. Учир нь төслийг хэрэгжүүлэгч “Баганат өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир “Мөнгөн сар хас” ХХК-ийн барьж байсан 38-р блокийн захиалагчидтай уулзахдаа “Бид мкв-ын үнийг одоогийн ханшаар тооцож 2,600,000 төгрөгөөр бодож зөрүү авч тус байрыг барьж дуусгана” гэжээ.
Жишээ нь иргэн Ж.Энхтөмөр 2021 оны 3 сарын 16-ны өдөр шавыг нь ч тавиагүй байсан “Баганат өргөө” ХХК-ийн байр болох “Мөнгөн саран хас” ХХК-ийн гүйцэтгэх 38-р блок байрыг мкв-ыг нь 1,000,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулан 40,460,000 төгрөгийг компанийн данс руу шилжүүлсэн байна. Гэвч одоо байрандаа орохын тулд 64,736,000 төгрөгийг төлөх юм. Тухайн үед 40,000,000 төгрөгөөр нэг өрөө байр авах боломжтой байсан ч 2 өрөө байр авъя гэж бодсон иргэн Ж.Энхтөмөр нь өнөөдөр анх өгсөн 40,460,000 төгрөгөө эргүүлэн авлаа гэж бодоход нэг өрөө бүү хэл подвалын өрөө ч авч чадахгүй хэмжээнд байрны үнэ өсжээ.
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, орон сууцжуулах төслийн хүрээнд баригдаж буй "Баганат өргөө" ХХК, "Мөнгөн саран хас" ххк-ийн барьж байсан 38 дугаар блок
Гол нь иргэд нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт буюу улсын оролцоотой тус байранд захиалга өгсөн ч улс иргэдээ хөсөр хаяв. Монгол улсын үндсэн хуульд төр иргэнээ хамгаалахаар заасан хуулийн биелэлт хаачсан бэ? гэж иргэд асуусаар. Харамсалтай нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөх, орон сууцжуулах журамд газраа сольсон иргэнийг төр хариуцах ч төслийн хүрээнд баригдсан барилгад захиалга өгсөн иргэнийг төр хариуцахгүй. Иймд иргэд хуулиа сайн мэдэж, гэрээгээ сайн уншиж, барилгын компаниа сонгохгүй бол энэ мэтчилэн хуулийн цоорхой, журмын алдааг ашиглан иргэдийг залилах хэрэг газар авсаар.
Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдаж буй тус барилга нь Нийслэлийн орон сууцны корпораци, Хэрэгжүүлэгч, Иргэн гэсэн гурвалсан гэрээтэй байдаг учир Барилга хот байгуулалтын яам шүүхээр шийдвэрлэсний дараа л хөндлөнгөөс оролцох эрх үүсдэг байна.
Мөн тус барилгын компанийн залилагч этгээдүүдэд хилийн хориг тавих нь бүү хэл тэд шинэ оныхоо амжилтаа тэмдэглэн гадаадад аялсан зургаа 2023 онд нийтэлжээ. Хуультай, төртэй улсын иргэн боловч тэд хуулиас, төрөөс айсангүй. Ядаж үйлийн үрийг ч бодсонгүй.
Зохих шатны байгууллагаас ямар арга хэмжээ авбал зөв бэ? гэж иргэд асуухад ихэнх нь шүүхэд өгөөд дэмий дээ. Бүүр юу ч үгүй үлдэнэ гэж зөвлөдөг байна. Төрийн дээдсээс эхлээд хуулийн цоорхойг ашиглах увайгүй нөхөд энэ мэт олширсоор. Гэнэтхэн л гараад ирсэн баригддаггүй байрны асуудал биш хэчнээн жил үргэлжилж буй энэ асуудал дээр төр анхаараагүй биш анхаарчээ. “Гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам” нь зургаан бүлэг 60 зүйлтэй бөгөөд Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 46 дугаар тушаалын хавсралтаар батлагдаж байжээ. Уг журмын БХБС-ын 2021 оны 252 дугаар тушаалаар хоёр өөрчлөлт, 10 нэмэлт заалт оруулсан байна. Гэвч иргэд хохирсоор л....
Өнөөдөр шинэ байрандаа орж чадалгүй хорвоог орхисон иргэн, баригддаггүй барилгаас болж салсан гэр бүл, хашаа байшингаа зарж байрны урьдчилгаа хийсэн ч байрандаа орж чадалгүй түрээсийн байраар амьдарч буй иргэд, өрнөөс өрийн хооронд амьдарч буй хэчнээн Монголын иргэн бий бол. Жилийн өмнөх тоон мэдээллээр нийслэл хотын хэмжээнд 70,000 иргэн байр захиалж, мөнгөө төлсөн ч, орж чадалгүй хохирсон гэжээ. Жирийн иргэдийн дулаан байранд амьдрах чин хүслийг овжиноор ашиглаж урдаас үгсэн тохиролцсон ч байж болох энэ том хэмжээний залилангийн хэргийг Монголын шүүх цагдаа холбогдох байгууллагууд шударгаар шийднэ гэж итгэж байна.
Тийм ээ бид УТААТАЙ УЛААНБААТАРЫН адлуулсан ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭД, хулхидуулсан орон гэргүйчүүд билээ.
Сэтгэгдэл (20)