Бүрэн эрх нь түдгэлзүүлэгдээд буй БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг цэргийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор шүүхээс баривчлах захирамж гаргасан. Энэ дагуу цагдаа нар өнөөдөр буюу баасан гарагт түүний гэрийн гадаа цуглараад байна.
Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Юн цэргийн дэглэм тогтоох гэнэтийн зарлиг гаргасан ч зургаан цагийн дараа парламентын гишүүдийн эсэргүүцлээр цуцалсан юм.
Үүнээс хойш түүнийг огцруулах саналыг сөрөг хүчнийхэн гаргаж, иргэд ч жагсаал хийж эхэлсэн.
Улмаар 2024 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр парламентын гишүүдийн олонх дэмжсэнээр түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.
Түүнийг огцруулах эсэхийг Үндсэн хуулийн шүүх зургаан сарын дотор шийдэх ёстой юм.
Юн Сок Ёлийн хувьд 2022 онд БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Үүнээс хойш тэргүүн хатагтайн цүнхний хэрэг, хувьцааны луйвар, эрдэм шинжилгээний өгүүлэл хуулбарласан зэрэг хэргүүд Ерөнхийлөгч Юний үнэлгээг эрс буурахад хүргэсэн.
Эх сурвалж: The Korea Times
Сэтгэгдэл (2)