ОХУ хорт хавдрын эсрэг "mRNA" технологийн вакциныг бүтээж, анагаах ухааны томоохон нээлт хийсэн гэдгээ зарлалаа. Мөн 2025 он гэхэд өвчтөнүүдэд үнэ төлбөргүй түгээхээр болсныг ОХУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Радиологийн анагаах ухааны судалгааны төвийн ерөнхий захирал Андрей Каприн мэдэгдэв.
Энэхүү вакцин нь хэд хэдэн судалгааны төвүүдийн хамтын хүчин чармайлтын үр дүн юм. Гамалеягийн тархвар судлал, микробиологийн үндэсний судалгааны төвийн захирал Александр Гинцбургийн хэлснээр шинэ вакцин хавдрын өсөлтийг дарангуйлж, үсэрхийлэл өгөхөөс урьдчилан сэргийлэх чадвартай болох нь эмнэл зүйн урьдчилсан туршилтуудаар батлагджээ.
"mRNA" технологийн вакцин нь хүний бие махбодид рибонуклейн хүчлийн хэсгийг нэвтрүүлж, эсийг тодорхой уураг үйлдвэрлэхэд хүргэдэг. Рибонуклейн хүчил нь амьд эсийн ихэнх биологийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай полимер молекул юм. Дархлааны систем нь тухайн уургийг гадны биет гэж хүлээн зөвшөөрч, түүнтэй тэмцэх эсрэг биетийг үүсгэдэг.
Вакцины хөгжүүлэлтэд хиймэл оюун ухааныг ашиглах аж. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар вакцин бүтээхэд шаардагдах хугацааг богиносгоно. Нарийн хэлбэл, үйл явцыг нэг цагийн дотор дуусгах боломжтой гэдгийг Александр Гинцбург онцолжээ.
ЭХ СУРВАЛЖ: CNBC TV 18
Сэтгэгдэл (30)