Жолооч нар цалин, нийгмийн хангамж, замын маршрутын талаар шаардлага хүргүүлж байна.
Жолооч Э.Бат-Орших: Нийтийн тээврийн жолоочийн нэг сарын цалинг 3.5 сая төгрөг болгоно гэж хотын дарга орон даяар мэдээлсэн. Энэ нь бүх төрлийн татварын дараах дүн юм. Мөн жолооч нар тэтгэврийн эрх нь үүсэхэд 24 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний, нэг удаагийн тэтгэлэг өгнө гэсэн. УИХ-ын гишүүн, түгжрэлийн асуудал хариуцсан сайд мөн ийм мэдээлэл өгсөн.
Гэвч энэ амлалт биелсэнгүй. Бид хүлээсээр байна. Бидний нэг болон хоёрдугаар сарын цалинг өмнөхөөр нь өглөө. Жолооч нар өглөө 04.00 цагт босоод, 05.00 цагт ажил дээрээ ирж, автобусаа нэг цагийн турш халаан, ажилдаа гардаг. Үдийн цайны цаг нь ердөө 20 минут л байдаг. Өдрийн хоолоо идэх биш уугаад л гардаг. Шөнө бааздаа ирээд, маргаашийн ажилд бэлдэж, түлшээ хийдэг. Түлшээ хийхийн тулд жолооч нар дугаарладаг. Ингээд 00.30-д баазаасаа гардаг. Жолооч нар өдөр 3-4 цагийн л нойртой, хагас мансуурлын байдалтай, байнга кофе, энергийн ундаа ууж амьдарч байна. Энэ бол нөөцгүй жолоочийн байдал. Нөөц жолоочтой газрууд бий. Олон цагаар ажилладаг атлаа одоо бид сард 1.8 сая төгрөгийн цалин авч байна. Татвар, НДШ хасаад бид сард нийт 1.2 сая төгрөгийн цалинтай. Энэ мөнгийг сард хоёр удаа хувааж авдаг.
Төрийн болон хувийн компанийн жолооч нар бүгд санал нэгдсэн. Гэхдээ улсын, хувийн тээврийн компаниудын цалин, ажиллах орчин нөхцөл ихээхэн ялгаатай.
Бидний саналыг хүлээн авахгүй бол бид дараагийн арга хэмжээг авна, хурц хэлбэр рүү шилжинэ. НИТХ энэ сарын 28-нд буюу лхагва гарагт хуралдан, бидний саналыг хүлээж авна гэж найдаж байна. Зарим жолооч ажил хаях санал гаргасан ч энэ хүнд үед болохгүй тул бид ажил хаяхгүй. Өдөрт найман цаг ажилласан жолоочийн цалинг бүтэн олгохыг ч НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангаас шаардаж байна.
Нийтийн тээвэрт явж байгаад Цагаан хад руу нүүрс тээвэрлэхээр явсан олон тохиолдол бий. Бидэнд сайн цалин өгдөг байсан бол бид тэр хүнд нөхцөлд, хөдөө олон хоногоор тээвэрт явахгүй.
Жолооч нар иргэдээс 500 төгрөг авлаа гээд овойж оцойтлоо баяжаагүй. Бид иргэдэд 500 төгрөгөө төлөөд үйлчлүүлэхийг шаарддаг. Картгүй байвал буугаад картаа ав гэдэг. Энэ бол иргэдийн хариуцлагын асуудал, жолоочид хамаагүй юм. Иргэдийн өгсөн 500 төгрөгөөр бид хүүхдэдээ хоол, живх авдаг. Хэрэв их мөнгө олдог байсан бол би өнөөдөр энд цалингаа нэмүүлэх гээд зогсохгүй шүү дээ.
Маршрутын хувьд өмнө нь асуудал байгаагүй, гол нь автобус хүртээмжгүй байв. Сая 599 автобус авлаа. Гэсэн ч түгжрэл их байгаа тул хүлээгдэл буурсангүй. Нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт зориулж бүрэн чөлөөлбөл автобуснууд илүү хурдан үйлчлэх боломжтой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна