Сүүлийн 5 жилийн хугацаанд манай улсын нийтийн тээврийн салбар ашиггүй ажилласан талаар албаныхан мэдээлдэг. Угтаа бол салбарын хөгжил ашигтай, ашиггүй ажиллах нь смарт картын зөв хэрэглээнээс шууд хамааралтай. Нийтийн тээврийн салбарт смарт картаар ашиглаж эхэлснээс хойш иргэдийн дунд автобусны жолоочид шууд бэлэн мөнгө өгч, зорчдог талаарх асуудал хөндөгдсөөр ирсэн. Уг асуудлыг шийдэхээр гэнэтийн хяналт шалгалтыг тогтмол явуулдаг ч шийдлээ олоогүй өдийг хүрчээ. Энэ удаагийн сурвалжилгаар иргэд автобусаар зорчихдоо бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг эсэхийг жолооч нараас болон иргэдээс тодрууллаа.
Жолоочид, “Иргэд бэлэн мөнгөөр үйлчилж байгаа нь буруу зүйл гэдгийг мэддэг. Бид картаар үйлчлэх тухай шаардлага тавьдаг ч иргэд мөнгөө үлдээн, шууд автобусанд нэвтрэн ордог. Иймд бид мөнгийг авахаас өөр арга байдаггүй. Ямар хаялтай нь биш. Нэг өдөрт хэдий хэмжээний бэлэн мөнгө олдог талаар яг тодорхой мэдэхгүй байна. Бид цугларсан бэлэн мөнгөөр хоол, ундаа, тамхи авдаг. Цугларсан бэлэн мөнгөө бүх жолоочид хувьдаа авдаг даа. Цааш тушаах газар байхгүй шүү дээ. Автобусанд камер байдаг ч энэ талаар тогтмол хянаж шалгах үйл явц байдаггүй. Угтаа зорчигчид картаа тогтмол ашигладаг бол бид бэлэн мөнгө авах шаардлага байхгүй шүү дээ. Энэ бэлэн мөнгөний орлого нь нийтийн тээврийн салбарт орж байвал бид шинэ, дулаан, илүү гоё автобус жолоодох боломжтой болно гэж бодож байна” гэсэн юм.
2023 оны судалгаагаар Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа 10 зорчигчийн дөрөв нь смарт картаар зорчиж, үлдсэн 6 нь төлбөр төлдөггүй эсвэл бэлэн мөнгөө жолоочид өгдөг нь тогтоогджээ.
Бид нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр үйлчлүүлж буй иргэдээс тодруулга авсан юм. Энэ талаар зорчигчид хэлэхдээ “Яаралтай карт аа мартсан үед ялт ч үгүй бэлэн мөнгөөр үйлчлүүлчихдэг. Заримдаа карт цэнэглүүлэх цэг ховор байдаг. Мөн карт цэнэглэх цэгт орохоор цэнэглэхгүй гэдэг. Аль болох картаар үйлчлүүлэхийг зорьдог” гэж хэлж байлаа.
Харин автобусны буудал дээр нийтийн тээвэр хүлээж буй иргэдээс дээрх сэдвийн хүрээнд байр суурийг нь асуухад “ Байнга картаар үйлчлүүлэхийг зорьдог. Бэлэн мөнгөө жолоочид өгч үйлчлүүлж байгаа хүмүүс их харагддаг. Энэ бол буруу. Нийтийн тээврийн салбар хөгжих ёстой. Иймд иргэн бүр автобусны ухаалаг картыг тогтмол хэрэглэж хэвших нь чухал гэж санагддаг” гэлээ.
Басхүү уг асуудлын шийдлийн талаар жолооч болон иргэд: “Автобусны буудал дээр зогсож байгаа хянагч нар гадаа биш нийтийн тээвэр дотроо байх нь чухал. Бэлэн мөнгөөр үйлчлүүлэх гэж байгаа зорчигчид карт заран, цэнэглүүлж нэвтрүүлэх шаардлагатай. Мөн жолоочид бэлэн мөнгөөр үйлчлүүлэх гэж буй иргэдэд шаардлага тавьж автобусанд нэвтрүүлэхгүй байх хэрэгтэй” гэв.
Мөн Өмнөд Солонгос улсын нийтийн тээврийн нэг хүний тасалбар 1500 вон буюу Монгол мөнгөөр 4000 орчим төгрөгийн ханштай байдаг байна. Тэгвэл монгол улс нэг удаадаа нийтийн тээврээр зорчиход 500 төгрөг байхаар үнээ тогтоосон. Иргэд өөрийн худалдаж авсан картдаа хүссэн хэмжээгээр мөнгө байршуулж түүнийгээ уншуулан нийтийн тээврээр зорчдог. Ингэхдээ 500 төгрөг тутмын 50 төгрөгийг смарт картад төлдөг байна.
Харин өнөөдрийн байдлаар дизель түлш 3890 төгрөгийн ханштай байгаа бөгөөд шатахууны өндөр зардалтайгаар автобуснууд сүүлийн 9 жил тээвэр хийжээ. Эдийн засгийн тооцооллоор орлого нь зарлагаа нөхдөггүй нийтийн тээврийн салбарт иргэд бид журмын дагуу смарт карт ашиглахгүй байгаа байдал нь уналтад орох томоохон шалтгаан болдог байна.
Сэтгүүлч: А.Булганчимэг
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна