С.Одонтуяа: Эрт илрүүлэгт хүн амын дөнгөж 31 хувь нь хамрагдаж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт

Уранцэцэг
2023/06/17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлын явц, үр дүнгийн талаар мэдээлэл сонсож байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуултад хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэхдээ: "Эрт илрүүлэг эхлээд нэг жил өнгөрч байгаа ч, хүн амын дөнгөж 31 хувь нь хамрагдаж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт. Иргэд болон эрүүл мэндийн ажилтнуудтай уулзах үеэр хэт их тооны араас хөөцөлдөж байна гэдэг шүүмжлэл хэлж байна лээ. Мөн үзлэг оношилгоонд хамруулчхаад эргээд зөвлөгөө мэдээлэл өгдөггүй гэж байна.

Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах талаар судлаачидтай хамтран судалгаа хийсэн юм. Айхтар тоо гарч ирээд байна. Хүүхдүүд чихрийн хэрэглээнийхээ 65 хувь нь чихэрлэг ундаанаас авч байна гэсэн тоо гараад байгаа. 2010 онд 4 хувь байсан хүүхдийн таргалалт 2017 онд 28 хувьд хүрсэн байна. Энэ бол маш том аюулын харанга. Хэт чихэрлэг ундаанд татвар ногдуулах хууль өргөн бариад байгаа. Энэ хуулийн нэгдүгээр зорилго эрүүл мэнд. Намрын чуулганаар хэлэлцэнэ. Үүнээс өмнө нөлөөллийн ажил хийж өгөөч. Хүүхдүүд дэлгүүрт ороод хамгийн хямд, хамгийн их сахартай ундааг л сонгож байна. Энэ чинь таргалалтын гол суурь. Нөлөөллийн ажил хийхгүй бол иргэд олон нийт татвар нэмнэ гэдгээр нь ойлгоод байна. Ингэж ойлгож болохгүй. Энэ бол эрүүл мэндийн хууль" гэв.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна