Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи “үхсэн” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

Admin
2026/03/01

“Түүхэн дэх хамгийн харгис хүмүүсийн нэг болох Хаменеи үхсэн. Энэ бол зөвхөн Ираны ард түмэнд төдийгүй Хаменеи болон түүний цуст бүлэглэлийн гарт амиа алдсан эсвэл зэрэмдэглүүлсэн агуу америкчууд болон дэлхийн олон орны хүмүүсийн хувьд шударга ёс боллоо” гэж АНУ-ын Ерөнхийлөгч бямба гарагт буюу өчигдөр Truth Social нийгмийн сүлжээндээ бичсэн байна. Д.Трампын хэлснээр, Али Хаменеи Израилтай нягт хамтран ажилласан Америкийн “өндөр технологийн мөрдөн илрүүлэх системүүд”-ээс “зугтаж чадсангүй” гэжээ.

Тэрбээр Аятолла Хаменеи амь үрэгдсэнийг “Ираны ард түмэн улсаа буцаан авах хамгийн том боломж” гэж мэдэгджээ. Трамп мөн Исламын хувьсгалыг хамгаалах корпусын олон гишүүн, түүнчлэн цэргийн алба хаагчид болон бусад тусгай албадын ажилтнууд “дайтахыг хүсэхгүй байгаа бөгөөд, манай улсаас хамгаалалт хайж байна” гэж хэлсэн байна. “Өчигдөр орой хэлсэнчлэн одоо тэд хамгаалалт авч болно, харин дараа нь тэднийг зөвхөн үхэл л хүлээж байна!’” гэж Трамп бичсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч мөн Исламын хувьсгалыг хамгаалах корпусын цэргүүд, цагдаа нар “Ираны эх орончидтой энх тайвнаар нэгдэж, улс орноо дахин агуу болгохын тулд нэгэн бүхэл болж хамтран ажиллана” гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Өмнө нь Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ираны дээд удирдагч амиа алдсан байж болзошгүй гэж мэдэгдсэн байна. Хаменеигийн цогцосны зургийг Нетаньяху, Трамп нарт үзүүлсэн гэж Израилын Channel 12 телевизээр мэдээлжээ. Харин Израилын Батлан хамгаалах арми (IDF) Ираны дээд удирдагч амиа алдсаныг батлаагүй бөгөөд амиа алдсан хүмүүсийн жагсаалтад нь түүний нэр байгаагүй байна.

IDF-ийн мэдэгдсэнээр, Израил, АНУ-ын цэргүүдийн өгсөн цохилтод Исламын хувьсгалыг хамгаалах корпусын командлагч, генерал Мохаммад Пакпур, Ираны дээд удирдагчийн зөвлөх Али Шамхани, Батлан хамгаалахын сайд Азиз Насирзаде нар амиа алджээ.

Израил, АНУ-ын цэргүүд бямба гаргийн өглөө Техран болон Ираны бусад бүс нутгуудад цохилт өгсөн билээ. АНУ Ираны цөмийн хөтөлбөрийг устгах төлөвлөгөөтэй байгааг Д.Трамп мэдэгдсэн. Тэрбээр Ираны армид хандан зэвсгээ хураалгахыг, харин тус улсын ард иргэдэд хандан “хувь заяагаа гартаа авахыг” уриалж байв.

Ираны Улаан хавирган сар нийгэмлэгээс мэдээлснээр, цохилтын улмаас 201 хүн амиа алдаж, 747 хүн шархаджээ. Үүнээс өмнө Ираны эрх баригчид Минаб хот дахь охидын сургуулийн 108 сурагч амь үрэгдсэн гэж мэдэгдсэн байна. “The Guardian” сонинд мэдээлснээр, тус хотод Исламын хувьсгалыг хамгаалах корпусын бааз байрладаг аж. Энэ мэдээлэлд Израил, АНУ-ын тал тайлбар өгөөгүй байна.

Иран улс Израилын нутаг дэвсгэр болон Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн баазуудад хариу цохилтууд өгчээ. Израилд онц байдал зарласан байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна