Филиппиний албан тушаалтнууд 30 настай монгол эрэгтэйг тагнуул хийсэн хэргээр баривчилсан гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Цагаачлалын албаныхан түүнийг сэжигтэй гадаадын иргэн хэмээн тодорхойлж, олон нийтийн ашиг сонирхол болон үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж үзжээ. Тэгвэл албаныхан түүнийг улсаасаа албадан гаргах ажлыг эхлүүлсэн гэж “GMA Network” агентлаг мэдээлсэн байна
“AFP” агентлагийн олж авсан мэдээллээр бол тэрхүү монгол эрэгтэй нь Хятадын Ардын чөлөөлөх армийн сөнөөгч онгоцны нисгэгч аж. Тэрбээр Замбалес бүс нутагт нислэгийн сургуулилт хийж байхдаа Иба нисэх онгоцны буудлын зураг авсан гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. Филиппиний Цагаачлалын товчооны хэвлэлийн төлөөлөгч Дана Сандовал “Тэр Замбалес бүсэд агаараас зураг авсан гэх мэдээлэл бидэнд ирсэн. Энэхүү нутаг нь БНХАУ, Филиппиний эзэмшлийн маргаантай бүстэй ойрхон тул түүний үйлдлийг тагнуул хийсэн явдал байж болзошгүй гэж бид үзэж байна” хэмээсэн юм. Филиппин дэх БНХАУ-ын элчин сайдын яам мэдэгдэл хийхдээ тэр эрэгтэйг Хятадтай холбоогүй гэжээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна