“Албан тушаалаа урвуулан ашиглаж иргэнийг хохироосон” нэр дэвшигчийг 66.7 хувийн саналаар ШЕЗ-ийн гишүүнээр томилсон нь!!!

Admin
2026/02/28

2025 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын танхимд Шүүхийн ерөнхий зөвлөлийн (ШЕЗ) шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголын өдөр болсон юм. Энэ өдөр гишүүнд нэр дэвшигч Ч.Баянжаргалд хаягласан иргэний гомдлыг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар уншиж танилцуулсан юм. 

Сонсголын үеэр уншиж,танилцуулсан иргэний гомдлыг сийрүүлбэл “2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Орд тас” ХХК-ийн 100 хувийн хувьцааг бүхэлд нь иргэн Д.Д-ээс худалдан авч төлбөрийг нь бүрэн төлсөн байдаг. Гэвч  Д.Д нь  2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр нэр дэвшигч, тухайн үед нотариатч байсан Ч.Б-тэй бүлэглэн дээрх гэрээнд өөрчлөлт оруулан хуурамчаар гэрчлүүлэн улмаар БГД, ХУД, СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд компанийг буцаан авах нэхэмжлэх гаргасан байдаг ба одоо ч эцэслэн шийдэгдээгүй байна. Иймд хууль бус нотлох баримт үйлдсэн нотариатч Ч.Б-г БГД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж, шалгуулж байна. Иймд төрийн өндөр дээд шударга ёсны итгэл болсон Шүүх засаглалын захиргааны байгууллага болох ШЕЗ-д нэр дэвшиж буй Ч.Б-г энэхүү албан тушаалд томилохгүй байж өгнө үү. Гомдол гаргасан Э.Б гэжээ.

Гомдлыг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ил тод уншиж, олон нийтэд танилцуулсан. Өөрөөр хэлбэл, асуудал “хаалттай өрөө”-нд бус, төрийн индэр дээр яригдсан. Гэвч зургаахан хоногийн дараа буюу 2025 оны 12 дугаар сарын 30-нд УИХ-ын нэгдсэн чуулган дээрх Байнгын хорооны санал дүгнэлтийн дагуу Ч.Баянжаргал 54 гишүүний буюу 66.7 хувийн дэмжлэг авч ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилогдов.

Сонсголын үеэр дурдагдсан гомдол нь энгийн нэг “ёс зүйн маргаан” биш байв. Албан тушаалаа ашиглан хуурамч бичиг баримт үйлдсэн байж болзошгүй гэх агуулга нь Эрүүгийн хуулийн шинжтэй ноцтой асуудал. Хэрэв үнэн бол энэ нь төрийн албан хаагчийн итгэл хүлээсэн үүргийг урвуулан ашигласан үйлдэлд тооцогдох боломжтой.
  • Тухайн гомдлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулсан уу?
  • Урьдчилсан дүгнэлт гарсан уу?
  • Ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчлийн үнэлгээ хийсэн үү?

Эдгээр асуултад олон нийтэд ил тод хариулт өгөлгүйгээр томилгоо хийгдсэн нь эргэлзээг улам гүнзгийрүүлж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах үүрэгтэй байгууллага. Түүний бүрэлдэхүүнд орж буй шүүгч бус гишүүн нь улс төрийн нөлөөллөөс ангид, ёс зүйн хувьд өө сэвгүй байх ёстой. Гэтэл томилгооны процесс өөрөө маргаантай, шалгагдаагүй гомдол дагуулсан нэр дэвшигчийг олонхийн саналаар баталсан нь харамсалтай. Харин ч эсрэгээрээ — ийм нөхцөлд парламент хяналт, шалгалтыг нэхэж, эргэлзээг тайлах хүртэл шийдвэрээ түдгэлзүүлэх нь төрийн хариуцлагын илэрхийлэл байх ёстой байв.

Нэгэнт УИХ-ын индэр дээр “хууль бус үйлдэл, албан тушаалаа урвуулан ашигласан” гэх мэдээлэл дэлгэгдсэн байхад мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэхийн оронд томилгоог хийв. Хэрэв гомдол үндэслэлгүй бол түүнийг албан ёсоор няцааж, шалгалтын дүнг нийтэд ил тод зарлах ёстой. Харин үндэслэлтэй бол хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой.Гэвч тэд НҮДГҮЙ, ЧИХГҮЙ, АМГҮЙ мэт чив, чимээгүй томилгоо хийсэн нь урьдчилан тохирсон улс төрийн сандал суудлын томилгоо гээд хэлэхэд хилсдэхгүй биз ээ

Шүүхийн хараат бус байдлыг хамгаалах ёстой байгууллагын гишүүнийг томилохдоо бид өөрсдөө шударга ёсны шалгуурыг зөөлрүүлчихэв үү?Энэ бол ганц хүний томилгооны тухай асуудал биш. Энэ бол төрийн шийдвэр гаргах зарчим, ил тод байдал, хариуцлагын тухай асуудал юм.

Түүний ёс суртахуун өндөр албан тушаалд тэнцэхгүй. 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна