Өнөө үед охид бүсгүйчүүд эрээ цээрээ алдаж, эрх мэдэл, мөнгөний өмнө нүцгэлдэг болсон нь цаг цөвүүн болж байгаагийн шинж гэлтэй. Эмэгтэй хүн, эх хүн болж удмын алтан хэлхээг үргэлжлүүлэхээр төрсөн охидууд өсвөр насан дээрээ өтөл нэгний дор хөлбөрч, халтар хэдэн цаасны хойноос улангасан, эрдэнэт биеэ бузарлаж байгааг харах хэн хүнд тааламжтай бус.
Ээж аавдаа эрхэлж, үеийнхэн дундаа урлаг спорт, сурлагаараа манлайлж байх насны жаахан охид, дүү нар минь хэтэрхий эрт бусармаг зүйлд уруу татагдаж байгаа нь энэ нийгмийн буруу юу, эсвэл дэвшилтэт технологийн гай юу?
Садар самуун сурталчилсан болох учир тухайн ИНСТАГРАММ, ФЭЙСБҮҮК грүппийн нэрийг энд нууцалъя.
"Яаралтай 5к шилжүүлээд орой найдвартай уулзах ах байна уу? Орой уулзаад 20к нэмж авна”. Энэ мэт пост цагт хэд хэдээрээ нийтлэгдэнэ. Үүнээс гадна "Хөөрхөн охин байна туслах ах байна уу?”, “Найдвартай уулздаг хоёр охины дугаар 5к, авах нь чат” гэх мэтчилэн өчнөөн постууд хөврөх нь эмгэнэлтэй. Үүнээс гадна мессенжерээр хоорондоо харьцаж видео дуудлагаар садар самуун зүйл хийх, цахим хаягт чат нээн тэндээ охидын садар самуун бичлэг оруулдаг гэх мэтчилэн энд хараа хяналт, ичих айх зүйл юу ч алга.
Энэ бол биеэ үнэлэлтийн нэг далд хэлбэр бөгөөд хүссэн хүн бүхэн ороод байж болдог нь эмгэнэлтэй.
Өдгөө арван мянга давсан гишүүнтэй энэ мэт хэд хэдэн цахим хаяг байхад цагдаа хүчнийхэн олоод хаачхаж чадахгүй, тэр бүү хэл тэнд нь самуун амьдрал өдөр ирэх тусам цэцэглэж байгаа нь харамсалтай!!!
Энэхүү инстаграмм, фэйсбүүк цахим хаягууд биеэ үнэлэлтийн зуучийн талбар болохоос гадна порно сайтын үүргийг давхар гүйцэтгэнэ. Учир нь хүмүүс хоорондоо элдэв бичлэг, зураг наймаалцаж, компьютерийн цаанаас болон уулзаж хууль бусаар бэлгийн дур хүслээ хангаж байна.
Энэ бол өсвөр үеийнхний хүмүүжил, оюун санаанд аюулын харанга дэлдэж байгаа хэрэг билээ.
Манай улсад цахим орчны хяналтгүй байдал, интернетийн зохисгүй хэрэглээнээс болж охид, эмэгтэйчүүд энэ төрлийн гэмт хэргийн золиос болох эрсдэл өндөр байдаг. Ялангуяа өсвөр насны охидод хялбар аргаар мөнгө олох сэдэл өгч, садар самуун явдалд татан оруулах замаар эмзэг байдлыг нь далимдуулж цахим сүрдүүлэг, порнографикт ашиглах, бэлгийн мөлжлөгийн зорилгоор үйлдэгдэж буй хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж, хохирох нөхцлийг бий болгож болзошгүйг цагдаагийн байгууллага анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна