Хамтарсан засгийн тохироо: ХҮН, ҮЭ, ИЗНН-д ямар яам оногдох вэ?

Admin
2025/06/17

Ерөнхий сайд УИХ-д суудалтай ХҮН, ИЗНН, Үндэсний эвслийн дарга нарт Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах талаар зөвшилцөх саналыг өчигдөр албан ёсоор хүргүүлсэн билээ. Энэ дагуу ИЗНН-ын Улс төрийн зөвлөл өнөөдөр 11.00 цагаас хуралдаж, бичгийн хариуг хэлэлцэхээр болоод байгаа юм.

Өөрөөр хэлбэл, УИХ-д суудалтай  жижиг намууд энэ асуудлаар шийдвэрээ эхнээсээ гаргах үйл явц өнөөдөр өрнөхөөр хүлээгдэж байна. Тэгвэл хөшигний ард дээрх намууд бүгд Хамтарсан Засгийн газарт орж ажиллах нь тодорхой болсон, аль намд ямар яамыг өгөх асуудал л үлдсэн гэсэн мэдээлэл буй.

-МАН-ын томчууд Ж.Золжаргал гишүүний үйлдлээс болж Бага хурлын тогтоолоороо нээнтэглэсэн байсан ХҮН намыг Засагтаа авч үлдэхээр шийджээ. Ингэснээр тус намын дарга Т.Доржханд сайдын суудлаа хадгалах боломж бүрдсэн. Өмнөхөөс ялгаатай нь, одоо ХҮН нам Хамтарсан Засагт орсон жижиг намууд дотроо том нь болж байгаа тул Т.Доржханд Тэргүүн Шадар сайдын суудалд дэвших гэнэ. Мөн ХҮН нь нөгөө хоёроосоо хоёр дахин олон суудалтай тул нэмэлтээр нэг сайдын суудал илүү авч байгаа. Гэхдээ тэр нь П.Наранбаярын ахалдаг Боловсролын яам бус, Эрчим хүчний яам байх магадлал өндөр гэж эх сурвалж хэлж байна. 

Тодруулбал, нэр хүнд муутай Б.Чойжилсүрэнг явуулж, Эрчим хүчний реформ хийх үүрэг бүхий үндэсний хороог ахалж буй Б.Найдалааг оронд нь Эрчим хүчний сайдаар тавьж магадгүй байгаа аж.

Б.Найдалаа биш бол Ж.Золжаргал байх боломжтой гэгдэж буй ч Хамтарсан Засгийн газрыг унагах үйл явцад үүрэгтэй оролцсон учир нам дотроо дэмжлэг багатай болсон байх магадлалтай гэнэ.

-Үндэсний эвслийн хувьд, дарга Н.Номтойбаяр нь Шадар сайд болно гэсэн мэдээллийг эх сурвалж өгч байна. УИХ-д дөрвөн суудалтай тул нэгээс илүү яам өгөхгүй. Ерөнхий сайдын хувьд, Н.Номтойбаяртай тохироход хүндрэлтэй байсан гэх бөгөөд эцэстээ ямар ч байсан хамтрахаар болсон гэж эх сурвалж өгүүлсэн юм.

-Намын дарга Б.Батбаатар Ерөнхий сайдын албан бичгийг авахаасаа өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “МАН албан ёсоор санал тавиагүй байна. Санал ирвэл бид хэлэлцэж, хамтын шийдвэр гаргана. Санал болгох яамд нь манай бодлого, чиглэлтэй нийцэх эсэхийг харна” гэж өгүүлж байсан. Энэ нь Байгаль орчны яамыг санал болговол татгалзахгүй гэж ойлгогдож байв. Тэгвэл, сүүлд авсан мэдээллээр, Байгаль орчны яамыг ИЗЗН-д өгөх асуудалд Ерөнхийлөгч дурамжсан байгаа учир өөр яам санал болгож магадгүй юм байна. Удахгүй дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг НҮБ-ын бага хурал Монголд болно. Тэр том ажлыг нугалж чадахгүй гэж үл итгэсэн тул Ерөнхийлөгч эргэлзсэн гэх.

Тиймээс өөр санал тавихаар зэхсэн бөгөөд тэр нь Барилга, хот байгуулалтын яам байх магадлал өндөр гэж эх сурвалж хэллээ.Ямартай ч Ерөнхий сайд ярилцаж тохирсныхоо дараа намуудад саналаа бичгээр хүргүүлсэн гэдэг мэдээлэл үнэн бол Засгийн газар байгуулагдах үйл явц өнөөдөр нэлээд эрчимтэй өрнөж магадгүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.90
6 цагийн өмнө
0
0
Эрчим хүчний сайд Золжаргал байвал мэргэжлийн хүн байна
Хариулах