Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-амгалан мэдээлэл өглөө.
Тэрээр: Өнөөдөр олон хүн "Нийгмийн даатгалын сан дампуурсан" гэх ташаа ойлголттой байна. Гэтэл бодит байдал дээр энэ сан Монгол Улсад байгаа хамгийн том сангийн нэг. Жилд 5-6 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлж, 500 мянга гаруй иргэнд тэтгэвэр олгож байна. Жил бүр төрж байгаа ээжүүд төрсний болон хүүхэд асарсны тэтгэмжээ авч байна. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хөдөлмөрийн чадвараа алдсан 10 мянга гаруй иргэн энэ сангийн тэтгэлгээр амьдарч байна. Ажлаасаа гэнэт халагдсан 20-30 мянган иргэн ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг авч байгаа. Энэ бол бодит үнэн.
Нийгмийн даатгалын сан дампуураагүй учраас л өнөөдөр хүмүүс тэтгэвэр, тэтгэмжээ авч байна. Зарим хүмүүс 160 тэрбум төгрөг алдагдсан гэдэг мэдээллийг шүүрч аваад "сан дампуурсан" мэт ойлгодог. Үгүй ээ. Энэ бол сангийн нийт хөрөнгөтэй харьцуулбал маш бага хэмжээ.
Нөгөөтэйгүүр, өнөөдөр хүмүүс зөвхөн нэг эх үүсвэрээс тэтгэвэр авдаг цаг ард өнгөрсөн. Олон эх үүсвэрээс суурь тэтгэвэр, хуримтлалын сан, хувийн тэтгэврийн сангаас зэрэг тэтгэвэр авдаг тогтолцоо дэлхий нийтэд байна. Үүнийг л “олон давхаргат тэтгэврийн тогтолцоо” гэдэг. Бид ч энэ чиглэлд шинэчлэл хийж байна. Тиймээс олон жил ажилласан, шимтгэлээ үнэнч төлсөн иргэд илүү их тэтгэвэр авдаг болно. Энэ бол шударга тогтолцоо.
Одоо нийгмийн даатгалын санг урт хугацаанд тогтвортой байлгах, ил тод, хариуцлагатай удирдлагатай болгох, мөн иргэдийн итгэлийг сэргээх нь чухал. Өнөөдөр 1.1 сая даатгуулагч, 90 мянган аж ахуйн нэгж, сайн дурын даатгалд хамрагдсан 130 мянган иргэд энэ сангийн үр өгөөжийг хүртэж байна. Энэ бол зөвхөн тэтгэврийн биш, өргөн хүрээний халамж, хамгааллын сан.
Эцэст нь хэлэхэд, тэтгэврийн шинэчлэл, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, орон сууцны ипотекийн тогтолцоо бүгдээрээ нэг зорилготой гэр бүл, иргэн төвтэй бодлогын цогц системийг бий болгох. Тиймээс бид удаан хугацаанд хүлээгдсэн Гэр бүлийн тухай хууль, гэр бүлд чиглэсэн бодлогын хуулиудыг хамтад нь өргөн барьж байна.
Сэтгэгдэл (1)