Хичээлийн шинэ жил эхэлж хүүхдүүд хөөр баяр дүүрэн ангийн найзууд, багштайгаа уулзсан сайхан үйл явдал болж өнгөрсөн. Харин хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээт хүүхдүүдэд үйлчилдэг Энэрэл төв цоожтой хаалгатайгаар 9 сарын 1-ний өдрийг эхлүүлсэн нь олон хүүхдэд гуниг авчирсан үйл явдал болсон билээ.
Тус төв нь 7 наснаас дээш хавсарсан шинж ихтэй, улсын сургуульд бие даан суралцах боломжгүй хүүхдүүдийг хүлээн авдаг улсдаа ганцхан байдаг хувийн өдөр өнжүүлэх төв юм. Тэнд тусгай хэрэгцээт хүүхдүүд бариа засалд орж, эмчилгээ сургалтаа зэрэг нэг дор авч, нийгэмшиж анги хамт олонтойгоо хөлд орж, хэлд орж, хоолоо бие даан идэж сурсаар таван жил болсон.
Энэрэл төв хаагдсан шалтгаан нь их энгийн. Тус төвийг Төр нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нь хаяж, шаардлагатай санхүүжүүлэлтийг шийдэж өгөөгүйн улмаас 30 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гэрийнхээ мухарт нийгмээс тусгайрлагдан сууна. Тэдгээр хүүхдүүд Энэрэл төвийн багш нараа хамтдаа өдөр бүр хичээдэг найзуудыгаа санахдаа өдөртөө нэг удаа цоожтой хаалгатай Энэрэл төвөө нэг очиж харчихаад гэртээ харьдаг аж.
Энэрэл төвийн зүгээс хариу хүлээж байгаа, удахгүй үүд хаалга нээх байх гэсэн итгэлтэй байгаагаа эцэг, эхчүүдэд хэлдэг байна. Гэсэн ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ тоодоггүй Манай улсын төр хариу өгөхгүй хүлээлгэсээр л.
Энэ хариуг хүлээсэн эцэг, эхчүүд хүүхдүүдээ харж гэртээ ажил хийх боломжгүй болжээ. Тэд одоо тусгай хэрэгцээт хүүхдүүдээ хэзээ ч эргэн харж байгаагүй төр засаг, гишүүд, эрх мэдэлтэй дарга нартаа гомдон суугаа гэнэ. Уг нь хуулиараа, бодлогоороо тусгай хэрэгцээт хүүхдүүдийг нэг ч удаа болов харж, халамжилдаг тогтолцоотой байсан бол гэж харамсал төрдөг байна.
Энэрэл төвийг нээх шийдэл хамгийн амархан. Төр засаг эргүүлж, улс дамдуурахгүйгээр жижигхэн төвийг үйл ажиллагааг дэмжээд өгөх сэтгэлтэй хүн манай Төрийн түшээдэд даанч алга. Үүний цаана Шинэ засгийн газар байгуулагдаж, хэнд ч үр өгөөжөө өгөхгүй улс төрийн төлөөс болж шинэ яамдууд нэмэгдэж, сайд дарга нарын бүтэц тэлсээр байна.
Цоожтой хаалгыг дахин дахин арай ядан гишгэж очоод татан зогсож буй энэ охиныг Г.Энхтуул гэдэг. Охин 7 сартайдаа хүндээр өвдөж, хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Гэхдээ охинд гэрэл ирээдүй бий гэх сайхан мэдээг Турк улсын мэдрэлийн эмч нар хэлжээ. Иймд тэдний гэр бүл Г.Энхтуул охиныг эрүүл саруул болгоход бүх чадлаараа зүтгэж байгаагаа бидэнд ярьж байв. Охинд шаардлагатай 130 сая төгрөг тул Монголын ард түмнээсээ тусламж хүсэж буй. Охины ээж 88188097
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна