Иргэн Ч.Чимэдсувд: Хүү минь тархиндаа цус харвасан байсныг оношилж чадахгүй удсанаас хоёр нүднийх нь нэгийг харахгүй болгочихоод насаар нь өвчтэй болгоод гарч ирлээ!!!

Admin
2025/06/02

“ЭХ, НЯРАЙ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” буюу 300 ОРТОЙ ЭМНЭЛГИЙН хаалгаар хоёрхон сартай нялх үрээ эмчлүүлэх гэж тэвэрч ороод эмч нарын хариуцлагагүй, хайнга, сэтгэлгүй, мэдлэггүй байдлаас болж амь насыг нь алдах шахаад зогсохгүй эрүүл мэндээр нь маш ноцтой хохироогоод, хорвоог харах хоёр нүднийх нь нэгийг харахгүй болгочихоод насаар нь өвчтэй болгоод гарч ирлээ!!!

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ийм зүйл постлоод сууж байгаадаа үнэхээр харамсаж байна.

2025.05.03-ны орой хүү минь өндөр халуурч 300 ортой эмнэлэгт үзүүлэхээр яаралтай тусламжийн тасагт ирж Одгэрэл гэх эмчид үзүүлсэн. Хүүд минь олигтой үзлэг хийлгүй хатгаа эхэлж байна гэж худлаа оншилж хэвтүүлэхээр болсон. Ингэхдээ маргааш буюу 05.04-ны өдрийн 12 цагт бэлдэж ирээд хэвтээрэй гэсэн. Шөнө нь хүү минь уйлаад олигтой унтаагүй тул бид өдрийн 12 цагийг хүлээлгүй 300 орт орж хэвтэхээр ирээд шууд нярайн тасаг руу хэвтсэн. Хүүг минь нярайн тасгийн эрхлэгч эмч Тунгалаг үзээд шинжилгээ авч зулай болон хэвлийн эход харж цусний шинжилгээ аваад хариуг танилцуулаад эмчилгээнүүд эхэлсэн ч хүү минь улам уйлсаар оройн 5-с 6 цагийн үед биеийнх нь байдал муудаж өрөөсөн нүд нь чичигнэж анилдсаар маш хүчтэй таталт өгсөн. Тунгалаг эмч сувилагчийн хамт өрөөнд орж ирээд арга хэмжээ авч тайвшруулах эм уулгаж дусал тариа хийж унтуулаад тэр шөнөдөө ажиглаад хоносон. Өглөө сэрэхдээ миний хүүгийн баруун нүд нээгдэхгүй биеийн байдал маш сулбагар толгойгоо ч сайн даахгүй байдалтай сэрсэн. Тунгалаг эмч үзээд хүчтэй таталт өгсөн болхоор нүд орчмын мэдрэлийн судас жаахан гэмтсэн эсвэл булчин нь чангарсан юмуу суларсан байх сүртэй зүйл байхгүй. Харвалт өгсөн бол тал бие нь тэр чигтээ саажаад хөдөлдөггүй юм. Танай хүүхдийн 4 мөч хөдөлж байна тэхээр ямарч харвалт байхгүй аяндаа зүгээр болно, нүд нь нээгдэнэ гэж хэлсэн. Би Тунгалаг эмчийн энэ үгэнд итгэж байсан. Маргааш нь буюу 5 сарын 5нд эрчимт эмчилгээний тасгаас 2 эмч орж ирж хүүг минь үзээд хүчтэй таталт өгсөн бол нугаснаас ус авахад гэмгүй шүү. Дахиад татвал хүүхдийн эрчимт эмчилгээний тасагруу авна гэж хэлсэн. Гэхдээ Тунгалаг эмч маргааш нь эрчимтийн тасгаас хүүг минь асууж залгахад эрчимтрүү авах шаардлагагүй биеийн байдал нь тогтворжсон гэж хэлсэн байсныг сүүлд нь бид мэдсэн. Надад ч мөн тэгэж хэлсэн.
Ингээд 5 сарын 4-нөөс 9-ны өдрийг хүртэл нярайн тасагт 5 хоног хэвтэн эмчлүүлсэн ч биеийн байдал дээрдэхгүй, баруун нүд нээгдэхгүй байсаар 5 сарын 9-ны өдрийн өглөөнөөс хүү минь дахин халуурч уйлагнаж эхэлсэн. Тунгалаг эмчид хүү минь зовиуртай байна, бие нь маш сулбагар толгойгоо ч даахгүй байна гэдгийг хэлсээр байсан. Гэтэл хүүг минь харчихаад танай хүүхдэд харвалт байхгүй ээ зүгээр таталтаас үүдэлтэй нүдний булчингуудын түр зуурын цочрол 2,3 хоногоос нойрны эм ухаа болиод ирхээр нүд нь нээгдээд буцаад сэргэлэн цовоо болоод ирнэ гэдэг юмаа ярьсаар байсан.

Гэвч 9-ны өглөөнөөс хойш халуурч эхлээд халуун нь буухгүй уйлаад байсан болхоор дахин шинжилгээ авч, зулайн эход харуулж ийш тийш нь авч явсаар байсан. Зулайн эхогоор хүүгийн минь тархинд юу илэрснийг хэлээгүй. Ингээд 17-с 18 цагийн хооронд эрчимт эмчилгээний тасгийн 2 эмч ирж үзээд хүүг минь тархины томографт харж нугаснаас ус авна, дараа нь эрчимт эмчилгээний тасгийн сэхээний өрөөрүү авч явна, тархинд цус харвасан байж магадгүй, хүүхдийн чинь бие муу байна гэж хэлээд сувилагч нар хүүд минь хүчилтөрөгч залгаад авч явсан. Энэ үед Тунгалаг эмчийн ажил тарах цаг болж сувилагч нартаа юу болсоныг надруу хэлээрэй гэж захиад гараад явчихсан. Тархины томограф авч нугаснаас ус авсан шинжилгээний хариу тухайн орой яаралтайгаар гарч хүү минь аль хэдийн тархиндаа хэд хэдэн газраа харвалттай, бүр тархины гол судас харвасан бас үүнээс үүдэлтэй менингит болсон гээд биеийн байдал маш хүнд, найдлага бага, амь нас яригдаж байна ар гэрийнхнийг нь дуудаж уулзуулах хүмүүсээ уулзуул гэдэг аймшигтай хариуг сонссон. Хүү минь 5 сарын 4нд нярайн тасагт хэвтэн эмчлүүлхээр ирсэн өдрөө хүчтэй таталт өгөхдөө аль хэдийн тархиндаа харвасан байсныг Тунгалаг эмч бүхэл бүтэн 5 хоног харвалт байхгүй гэж хэлсээр цаг хугацаа алдуулж миний хүүг үхэх аюултай нөхцөл байдалд хүргэсэн байсан.

Ингээд 5 сарын 9-ны оройн 19 цагаас хойш хүү минь хэд хоног эрчимт эмчилгээний тасгийн сэхээний өрөөнд үхэлтэй тэмцэлдэж байхад Тунгалаг эмч санаа зовсон шинжгүй ажилаа хийсээр байсан. Хүүг минь яаж байна гэж нэг ч удаа асуугаагүй. Бүтэн 14 хоногийн хугацаанд би хүү дээрээ өглөө орой гээд өдөрт 2хон удаа орж уулздаг байсан. Хүүгийн минь ходоодонд гуурс тавьсан учраас хөхүүлэх ч боломжгүй байсан. Мөөмнийх нь сүүг таслахгүйг хичээн эрчимт эмчилгээний тасгийн үүдэнд сүүг нь сааж өгч, сандал дээр унтаж 14 хоногийг өнгөрөөсөн. Биеийн байдал хүнд байсан болхоор зөөвөрлөх боломжгүй гэж хэлсэн.

Азаар хүү минь хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эмч сувилагч нарын ачаар үхэх аюулаас холдож биеийн байдал нь сайжирсан ч баруун нүдний зовхи нээгдээгүй хэвээр, хүүхэн хараа томорч гадагшаа хялар болж харахгүй байдалтай, 2 гарын атгалт сул, ялангуяа баруун гар огт атгалт байхгүй, хүчгүй, зарим үед анхаарал маш сул цаашид тогтмол таталтын эм ууж, эмнэлгээс гараад үргэлжлүүлэн сэргээн засах эмчилгээ хийлгэж байнгын мэдрэлийн эмчийн хяналтанд байх шаардлагатай болсон гэдэг зүйлийг эмчээс сонсоход үнэхээр хүнд байсан.

Миний хүү нийтдээ 14 хоног сэхээний өрөөнд сахиургүйгээр эмч сувилагч нарын эмчилгээ асаргаанд байж биеийн байдал тогтворжиж цаашид хүчилтөрөгч залгаж, монитор дээр амин үзүүлэлтүүд хянаж, байнгын дусал тариа хийгээд байх шаардлагагүй болсон. Үргэлжлүүлэн нярайн тасагт үлдсэн эмчилгээгээ хийлгэж дуусгаад ээжтэй нь хамт байлгаж хэд хоног ажиглана, сайн байвал эмнэлгээс гаргах талаар сонсоод хүүгээ өөр дээрээ авна гээд баярлаж байсан. Учир нь хүүхдийн эрчимтийн тасагт янз бүрийн халдвар авах эрсдэл үүсч болзошгүй гэдэг үүднээс нярайн тасаргуу шилжүүлхээр ярилцсан. Эмчээсээ уух эмийн бичиг болон эмнэлгээс гараад яах талаар зөвөлгөө аваад нярайн тасагруу 5 сарын 23-ны өдрийн 12 цагийн үед шилжсэн. Шилжүүлэх үед хүүг минь үхэх аюулд хүргэсэн эмч Тунгалаг өөрөө хариуцан эмчилгээг үргэлжлүүлэхээр болж эмчлэгч эмчээс биднийг хүлээн аваад эмчилгээний хуудас болон эмийн бичигтэй танилцсан. Би Тунгалаг эмчид дахин нэг удаа итгэж өвчтэй байгаа хүүгээ бодоод хэл ам хийлгүй эхлээд эмчилгээгээ дуусгая гэж бодоод юу ч яриагүй. Гэтэл Тунгалаг эмч дахин маш том алдаа гаргаж хүүд минь Dipyridamoli (Куронтил) гэдэг эмийг 1/2-р өдөрт 3 удаа уулгах ёстой байсныг нь Каптоприл буюу артерийн даралт ихсэхэд уудаг эмийг 1/2-р 3 удаа уухаар андуурч бичиж өгсөн байсан. 5 сарын 23-ны өдөр 2 цагийн үед каптоприл гэдэг эмнээс талыг уулгасан. Хүү минь эрчимтийн тасагт эмчлүүлж байхдаа ганцаараа уйлахгүй тайван хэвтээд бүр сурчихсан байсан. Эм ууснаас хойш маш тайван байсан хүү минь цочиж уйлаад хүйтэн хөлс ихээр гарч ерөөсөө тогтвортой унталгүй тэврүүлсээр орой болсон. Хүүхэд тогтвортой унтахгүй уйлаад байгааг тухайн өдрийн орой ээлжинд гарч байсан эмч Билгүүндарьд хэлээд үзүүлэх гэсэн боловч нэг лаа өгөөд энийг хий, эмнэлэгт удаан хэвтээд гадаа гарахгүй байгаа юм чинь угаасаа л уйлна шдээ гэж хэлээд хүүг минь үзээгүй. Орой 10 цагийн үед Каптоприл эмнээс дахиж талыг уулгахаасаа өмнө би эмчлэгч эмчийн бичиж өгсөн эмийн бичгийг Тунгалаг эмчийн бичсэнтэй харьцуулж харахад капроптил гэдэг эм байхгүй байсан болхоор яг өөрийнх нь уух ёстой Dipyridamoli (куронтил) гэдэг эмнийх нь өөр нэршил юм болов уу гэж бодоод Билгүүндарь эмчээс тодруулхаар дахиж өрөөнд нь орсон. Энэ 2 эм нэг эм үү? эсвэл 2 өөр эм үү? манай эмчийн бичиж өгсөн эмийн бичиг дээр каптоприл гэдэг эм байхгүй байна гэж асуухад Билгүүндарь эмч бичигрүү хальт харснаа тиймээ наад Dipyridamoli Каптоприл гэдэг 2 эм чинь нэг эм мөн гэж надад хэлсэн.

Билгүүндарь эмчийн хэлсэнд би мөн л итгэж каптоприл гэдэг эмнээс дахиад талыг өгөөд унтуулсан. Дараа өдрийн өглөө ч бас талыг уулгасан. Шөнө нь хүү минь нэгч сэрэлгүй унтсан болхоор санаа зовж өглөө 7 болж байхад хүчээр сэрээж хөхүүлэх гэсэн боловч хөхөө ч хөхөхгүй байсан. Оролдож байж сэрээгээд арай гэж хөхүүлээд дараа нь живхийг нь солих гэсэн боловч урд оройноос хойш нэгч шээгээгүй байсан. Шөнө хөхүүлээгүй болхоор шээс гараагүй байх гэж бодсон ч хөхүүлснээс хойш ч шээхгүй байсан. Энэ хооронд хүү минь сэрүүн үедээ уйлсаар хүйтэн хөлс нь гарч хөл гар нь хүйтэн болсон байсан. Тэгээд интернетээс Каптоприл гэх эмийг хайж үзэхэд артерийн даралт ихсэхэд том хүнд уулгадаг эм байсан. Харамсалтай нь би хүүдээ каптоприл гэх эмнээс аль хэдийн нэг бүтэн нэг талыг уулгачихсан байсан. Эмч сувилагч нар ээлж хүлээлцэх үед өглөө Билгүүндарь эмчтэй ээлж хүлээлцэхээр цуг орж ирсэн эмчээс би мөн л нөгөө 2 эмний ялгааг дахин асуугаад манай хүүхэд артерийн даралт ихсэх онош байхгүй, харин энэ эм нь тийм оноштой том хүн уудаг эм байна гэж асуухад угаасаа 2 өөр эм шдээ гэж хэлсэн. Билгүүндарь эмч харин өөрийгөө өмөөрч би Тунгалаг эмчийг нэмэлтээр бичиж өгсөн юм байх гэж бодсон гэж хэлээд маш хурдан гараад явсан. Ингээд эмч сувилагч нар хүүд минь буруу эм уулгаснаа мэдээд хордлого тайлах эм өгч дусал залгаж даралт амин үзүүлэлтүүдийг монитор дээр хянаж сандралдаж эхэлсэн. Тунгалаг эмч ирээд буруу эм андуурч өгсөнөө өөрөө хүлээн зөвшөөрөөд уучлал гуйж буруугаа хүлээж байсанч энэ нь эмч хүний хувьд тэр тусмаа нярайн тасаг хариуцсан эрхлэгч хүний хувьд байж боломгүй маш том алдаа. Хэрвээ би 24-ны өглөө ээлж хүлээж авхаар орж ирсэн эмчээс 2 эмний ялгааг дахиж асуугаагүй бол каптоприл гэх эмнээс бүтэн 4 ширхэгийг дуустал нь уулгах байсан. Тэр үед дахиад хүү минь ямар аюулд орох байсныг бодхоос аймшигтай.
Би Тунгалаг эмчид дахин итгэхгүй айдастай байсан тул 5сарын 24-нд эрчимт эмчилгээний тасагруу буцаж шилжээд тэндээ эмчилгээгээ дуусгаад 5 сарын 28-нд эмнэлгээс гарсан.

Эмнэлгээс гараад яг нэг хоноод 29-ны өдөр хүү минь аймшигтай таталт өгч амьсгалж чадахгүй хөхөрч хөшсөн байдалтай болсон. Энэ нь хүүгээ өөр дээрээ авсанаас хойш анх удаа таталт өгсөн тохиолдол. Бид яаралтай түргэн тусламж дуудаж ЭХЭМТ буюу эх нялхаст ирж үзүүлээд шууд хэвтсэн.

Хүү минь энэ олон хоногийн хугацаанд 300 ортой эмнэлэгт байхдаа дусал тариа өдөржин залгуулж тэрнээсээ болж маш их хавагнаж, томографт харуулж, 2 удаа нугаснаасаа ус авхуулсан. 5 сарын 29-нд эх нялхаст ирээд энэ бүх зүйлүүд дахиад л давтагдаж, дахин нугаснаас ус авхуулж томографт харуулж эмчилгээ хийгдсээр байна. Мэдрэлийн эмч хүүг минь үзээд биеийн баруун тал саажаад эхэлчихсэн байна, томографын хариугаар тархинд усжилт үүссэн байна гэсэн. Үнэхээр аймшигтай.

Одоогийн байдлаар би хүүгийн хамт эх нялхаст хэвтэн эмчлүүлж, шинжилгээнүүд өгч эмчилгээ хийлгэж байгаа ч дахиад хүүд минь ямар хүндрэл учирч болохыг бодхоор л аймшигтай санагдаж байна. Хүү минь унтаж амарч ч чадахгүй тайвшруулах эм тариа хийж байж унтуулсан байдалтай бараг бүтэн сар боллоо.

Тунгалаг эмч миний хүүг олон удаа хохироож өнөөдрийн ийм байдалд хүргэсэн. Хүү минь тархиндаа маш олон газраа харвалт өгч удсанаас менингит болтлоо хүндэрч, хөдөлгөлгүй байх ёстой байсныг нааш цааш нь явуулж эхо шинжилгээ гэж хөдөлгөсөөр цаг хугацаа алдаж биеийн байдлыг улам хүндрэхэд нөлөөлсөн. Хүлээн авахын эмч буруу оншилж алдаа гаргасан ч Тунгалаг эмчид хүүг минь аврах боломж зөндөө байсан. Хүүг минь хүнд байгааг мэдсээр байж цаг алдалгүй эрчимтийн тасагруу яаралтай шилжүүлсэн бол бид өнөөдөр хүүгээ эрүүл саруул тэврээд сууж байх байсан.

Шат шатандаа ийм хайнга хариуцлагагүй эмч нар ажиллуулж байгаа ЭНЭҮТөв-2 (300 ортой эмнэлэг) эмнэлгийн дотоод хяналт ч мөн маш муу байгаа нь эдгээр эмч нарын аймшигтай хариуцлагагүй үйлдлээс харагдаж байна. Энэ том улсын эмнэлэгт чадваргүй, мэдлэггүй, сэтгэлгүй эмч нар ажиллуулж хүүг минь хохироосон ЭНЭҮТ-2 эмнэлэг ч мөн хариуцлага хүлээх ёстой. Анх үзүүлэхээр очиход үүднээсээ авхуулаад хүүд минь хариуцлагагүй хайнга хандсан бүх эмч нарт би гомдолтой байна.

Би хүүгээ эмчлүүлэх гэж эмнэлэгт очсон болохоос эрэмдэг зэрэмдэг болгох гэж эмнэлэгт очоогүй. Өнөөдөр миний хүү бяцхан биедээ баймгүй ихээр зовж шаналж байна. Хүүгээ хараад өрөвдөж уйлахаас өөр зүйл хийж чадахгүй байгаадаа гутарч байна.

Эрүүл Мэндийн Яам”-нд хүртэл түгээж өгнө үү.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна