Засгийн газрын өнөөдрийн /2025.06.04/ хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар сайд нар танилцууллаа. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Огцорчихоод яагаад ийм шийдвэр гаргаж байгаа юм бэ гэж шүүмжилж магадгүй. Энэ хууль өөрөө цаг хугацаа шаардсан, олон нийтийн дунд хэлэлцүүлэг хийх шаардлагатай учраас цаг хугацаа нь ингэж таарлаа. Анх удаа Монгол Улс тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийх гэж байна. Энэ хууль батлагдвал нэг эх үүсвэрээс биш олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэнэ. Тэтгэвэр авч байгаа иргэдийн 54 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг. Цаашдаа тэтгэврийн доод хэмжээ гэдэг ойлголт байхгүй болно. Одоо бол 20-оос дээш жил ажилласан даатгуулагч ажилласан хугацаанаасаа хамаараад ижил хэмжээний буюу тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгодог. Үүнийг өөрчилж 10-аас дээш жил ажилласан иргэн бүр ажилласан хугацаанаас хамаарсан суурь тэтгэвэртэй болох юм. Одоогийн тэтгэврийн тогтолцоо бол 2 дахь хувилбар. Дээр нь бид өнөөдрөөс Хувийн тэтгэврийн хуулийг өргөн барихаар боллоо. Ингээд манай улс тэтгэврийн 3 эх үүсвэрийн тогтолцоотой болох юм.
Мөн өнөөдөр Засгийн газар ажил олгогчдын төлдөг НДШ-ийн 2 хүртэлх хувийг хөнгөлж, иргэний төлж буй НДШ-ийн 4 хүртэлх хувийг өөрийнх нь нэр дээр хуримтлал болгох хуулийг өргөн барихаар боллоо" хэмээв.
Сэтгэгдэл (4)