"18 насанд хүрсэн иргэн жолооч бэлтгэх сургалтад хамрагдсанаар мопед, скүүтэр унах эрхтэй болно"

Admin
2026/05/29

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:  Би энэ хуулийн төслийн санаачлагчийн нэг. Төслийн зарим заалтыг өөрчилсөнд өнөөдөр санал хурааж байна. Ажлын хэсгийн зарим боловсруулалттай санал нийлэхгүй байна. 

Жишээ нь, "мопед, түүний төрөлд хамаарах скүүтэр, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн жолооч нь энэ хуулийн 12.4-т заасан тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам, сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдаж, жолооч бэлтгэх сургалтын байгууллагын бүртгэл мэдээллийн санд бүртгүүлсэн байна" гэдэг нь шинэ бизнес гаргах гээд байна гэсэн үг. 

Жолооны A, B үнэмлэхтэй байвал мопед ашигладаг болъё оо. И-Монголиаг-аас шууд хэрэглээд явах боломж нь байгаа. Энэ зарчмаар явбал жолооч нар өөрсдөө хариуцлагатайгаар замын хөдөлгөөндөө оролцож чадна. Тэгэхээр энэ саналыг дэмжихгүй. 

Хуулийн төслийн ажлын хэсэгт ажилласан УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал УИХ-ын гишүүн  Г.Лувсанжамцын саналд тайлбар өглөө.

Тэрээр хэлэхдээ, "Бидэнд хоёр л сонголт байгаа юм. Насанд хүрээгүй хүнийг мопед унуулаад замын хөдөлгөөнд оруулах юм уу, явган хүний зам дээр явуулах юм уу. Явган хүнээ хамгаалж явган хүний зам дээр явуулахгүй гэдэг олон улсын дүрмийн дагуу бол авто зам руу оруулах болоод байгаа юм. Тэгэхээр дахиад эрсдэл үүснэ. Тиймээс нэгдүгээрт 18 насанд хүрсэн хүн энэ тээврийн хэрэгслийг жолоодно. 

Автомашинуудтай зэрэгцээд замын хөдөлгөөнд оролцож байгаа учраас сургалтад заавал хамрагдана гэж байгаа юм. Үүнийг заавал бизнесийн байлаар ойлгох шаардлагагүй. Түрээсийн компаниуд өөрсдийн аппликэйшнээр үйл ажиллагаа явуулж байгаа. Түүн дээрээ наад захын ойлголт өгөх сургалтууд оруулж, тест авч, тэнцсэн хүмүүстээ түрээсэлчих. 

Хоёрдугаарт, замын маршрутаа техникийн шийдлээр шийдэх боломжтой. Зориулалтын зам байхгүй газар мопед явах юм бол өөрөө автоматаар зогсох техникийн шийдлийн боломжтой юм билээ. Энэ бүх эрсдэлийг тооцож байгаад хамгийн боломжит хувилбараар саналыг тусгасан" гэв. 

Гишүүд үг тайлбар хэлж дууссаны дараа дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураав. Санал хураалтад 94 гишүүн оролцож, 63.8 хувийн саналаар эдгээр санал дэмжигдлээ.

Эх сурвалж: Gogo.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна