СУРВАЛЖИЛГА: Иргэд нэгдэж хаягдал овоолгоос зэс гаргах үйлдвэр барьсан ч сайдын дүүгээс болж Э.Батбаяраас 110 тэрбумын хохиролд орж, хаалга аа барьсан тул 70 хоног жагсаж байна

Admin
2026/05/21

Энэ харагдаж байгаа хүмүүс бол 70 хоног өдөр бүр өглөө 10-17 цагийн хооронд Засгийн газрын зүүн хаалганд зөвшөөрөлтэй тайван жагсаал хийж байна.

 Тэднийг ингэж халуунд халж, хүйтэнд хөрж шударга, үнэнийг эрэлхийлж, хохирлоо барагдуулахыг шаардан тэмцэж байхад яамнуудын сайд, 126 УИХ-ын гишүүдээс хэн ч гарж ирж тэдэнтэй уулзаагүй гэнэ. Эдгээр хүмүүс амьдралынхаа үнэт цаг хугацааг эсэргүүцэлд зарцуулж байгаа нь ийм учиртай. Тэд бүгд Эрдэнэтийн уугуул иргэд ба өөрсдийнхөө анх санаачлан, хувь нийлүүлж, хөрөнгө оруулалт босгож бүтээсэн Эрдэнэтийн хаягдал овоолгоос зэс олборлолт хийдэг “Зэс эрдэнийн хувь” компаниа нэг хүний шунахайн сэдлээс болж 110 тэрбумын хохиролд оруулж, үйлдвэрээ хаалгаж ажилгүй болжээ.

 Тэмцэгчид “Жирийн иргэд эвлэлдэн нэгдэж, өөрт байгаа мөнгөөрөө хувь нийлүүлж, байгалийн баялгаа зөв ашиглаж ажлын байр бий болгон, улсдаа татвар төлөн хөгжил бүтээх гэж 2010 оноос цусаар уйлтлаа хичээн хөдөлмөрлөсөн” гэж хэлэх нь сэтгэл эмзэглүүлэм.

Тэгвэл юуны учир тус компани ийм их мөнгөний алдагдал хүлээж, үйлдвэрийн хаалга аа барьсныг хувьцаа эзэмшигчид, ажилтнууд ингэж тайлбарлаж байна. “Зэс-Эрдэнийн хувь” ХХК 2010 онд анх байгуулагдаж 24552 хүн хувьцаа эзэмшдэг олон нийтийн компани. Хувьцаа эзэмшигчид олон жил хичээсний эцэст иргэн Рагчаагаас 15 сая доллар, ХХБ-аас 30 сая доллар, Японы Мисо компаниас 50 сая долларын хөрөнгө оруулалтын зээл авч үйлдвэрээ барьж, 2022 анхны зэсээ олборлож эхлэв. Гэтэл тэр үед тус компанид Хөрөнгө оруулалт хариуцан захирлаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланийн дүү Э.Батбаяр ажиллаж байхдаа ХХБ-аас авсан жилийн зээлийн хүүг 6.6 хувь байхад 6 хувь нэмж 12.6 хувь болгож Энхмаа гэх эхнэрийнхээ хамаарал бүхий Би Эй Ти Девелопмент партнерс ХХК-аараа дамжуулж мөнгө угаан, авч байв. Мөн Японы Мисо компаниас авсан хөрөнгө оруулалтын зээлийн хүү жилийн 6.6 хувь байсныг 12.6 хувь болгон тус компаниар дамжуулж, давхар зээл хийж, Зэс эрдэнийн хувь компанийг хохироосон гэнэ. Үүнээс гадна Би Эй Ти Девелопмент партнерс ХХК Зэс эрдэнийн гадаад борлуулалтыг хариуцаж байхдаа асар их хэмжээний НӨАТ-ийн өрөнд оруулсан байна. Үүнийг мэдсэн хувьцаа эзэмшигчид Э.Бат-Амгаланийн дүү Э.Батбаярыг ажлаас нь 2025 оны дөрөвдүгээр сарын 12-нд чөлөөлсөн ч тухайн хүн хуулийн хариуцлага хүлээж, хохирлыг барагдуулах нь битгий хэл Зэс эрдэнийн хувь ХХК-ийг шүүхэд өгч, үйлдвэрийг түр хугацаанд хаалгажээ. Гэтэл хувьцаа эзэмшигчид тус компанитай дахин хамтран ажиллах итгэлгүй, хүсэлгүй байхад Э.Батбаярын компани үргэлжлүүлэн зэс олборлолтын экспортыг хариуцан ажиллах зорилготой байгаа юм байна. Зэс эрдэнийн хувь ХХК-ийн ажилчид, хувьцаа эзэмшигчид эдгээр асуудлуудын баримт бичгийг гарган АТГ болон хууль хүчнийхэнд хандсан ч үр дүнд хүрэхгүй байгаа тул 70 хоног ээлжлэн талбайн зүүн хаалганд жагсаж байна гэж тэмцэгчид ярив.

Олон нийтийн сэтгэлийн дэм итгэлийн хүчээр боссон Зэс эрдэнийн хувь ХХК-ийн үйлдвэр өдгөө хаалттай, ажилчид нь орлогогүй, хувьцаа эзэмшигчид нь хувиа хүртэж чадахгүй хэвээр байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна