Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Жанжутай Бээжин хотноо зохион байгуулагдаж буй “Ядуурлыг бууруулах ба хөгжил” дээд түвшний форумын үеэр уулзлаа.
“Ядуурлыг бууруулах дэлхийн хүчин чармайлтыг нэгтгэх нь” сэдвийн хүрээнд болж буй тус форумыг БНХАУ тавдугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Уулзалтын үеэр сайд Т.Аубакир НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дэмжих, бодлогын судалгаа хийх, хүний нөөцийн солилцоо болон чадавх бэхжүүлэх чиглэлээр БНХАУ-ын туршлагаас суралцах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэх, мал аж ахуйн бүтээмжийг нэмэгдүүлэх, орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, албан бус хөдөлмөр эрхлэлтийг бууруулах нь ядуурлыг бууруулах бодлогын чухал хэсэг болохыг онцолсон юм.
Мөн БНХАУ-ын ядуурлыг бууруулах, хөдөөгийн сэргэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн туршлагыг Монголд нутагшуулах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Жанжу газрын тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх боломжтойг онцолжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна