Улсын заан Н.Жаргалбаярыг 2017 онд улсын их баяр наадмаар долоо давж, заан цол хүртэхэд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Д.Лхагвадорж цолны мялаалга болгож, 2 өрөө байрны батламжийг гардуулсан байна. Харамсалтай нь сумын удирдлагууд нь амласан байраа одоо хүртэл өгөөгүй байгаа аж.
Мөн түүний цолыг мялааж, Мандал сумын бүх төрийн албан хаагчид, хувийн хэвшлийнхэн нэг өдрийн цалингаа хандив болгож өгч байжээ. Энэ нь тухайн үедээ 30 гаруй сая төгрөг цугласан бөгөөд цолны найран дээр нь гардуулж өгнө гэж байсан ч өгөөгүй байна.
Нутгийн зон олон нь түүнийг байр авсан мэтээр буруу ойлголттой байгаад Н.Жаргалбаяр заан эмзэглэж, Мандал сумын удирдлагуудад өргөдөл бичиж, нэр төрд нь халдахгүй байхыг хүсчээ.
Тэрбээр "Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Монгол Улсын саруул сайжрах заан Н.Жаргалбаяр миний бие 2017 онд Ардын хувьсгалын 96 жилийн ойгоор долоо давж, Монгол Улсын заан цол хүртсэн билээ. Заан цолыг минь мялааж, тухайн үеийн Засаг дарга Н.Лхагвадорж хоёр өрөө байрын батламж гардуулсан. Одоог хүртэл шагналын байраа аваагүй бөгөөд сум орон нутгийн ард иргэдийн дунд тухайн шагналыг авсан мэт буруу ойлголттой байдаг тул үнэн зөв мэдээлэл өгөхийг сум орон нутгаас сонгогдсон Иргэдийн хурлын төлөөлөгчдөд мэдэгдэх хүсэлтэй байна” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна