Тайландын Засгийн газар 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж, гадаадын жуулчдад олгодог 60 хоногийн визгүй зорчих хөнгөлөлттэй нөхцөлийг албан ёсоор цуцлах шийдвэр гаргалаа.
Энэхүү шийдвэр нь Их Британи, АНУ, Израил болон Европын Шенгений бүсийн 29 улс зэрэг нийт 93 орны иргэдэд хамаарах бөгөөд үндэсний аюулгүй байдлыг хангах, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх зорилготой юм.
Шинэ журмын дагуу визгүй зорчих хугацааг эрс багасгаж, ихэнх орны жуулчид дээд тал нь 30 хоног, зарим улсын иргэд ердөө 15 хоног байхаар хязгаарлалаа. Мөн гадаадын иргэд хугацаагаа тодорхойгүй хугацаагаар сунгах зорилгоор хилээр гарч буцаж орж ирдэг үйлдлийг таслан зогсоохын тулд хуурай замын болон агаарын хилээр визгүй нэвтрэх эрхийг жилд дээд тал нь хоёр удаа байхаар Засгийн газрын танхимаас баталсан байна. Цаашид Тайландын Визийн бодлогын хорооноос эдийн засаг, аюулгүй байдлын нөхцөл байдалд үндэслэн улс орон бүрээр визийн төрөл, хугацааг нарийвчлан авч үзэхээр болжээ.
Гадаад хэргийн сайд болон Аялал жуулчлалын сайд нарын мэдэгдсэнээр, цар тахлын дараах аялал жуулчлалыг сэргээх зорилгоор 2024 оны 7 дугаар сард нэвтрүүлсэн 60 хоногийн хугацааг гэмт хэрэгтнүүд урвуугаар ашиглах нь ихэссэн байна.
Урт хугацааны визгүй нөхцөлийг далимдуулан хар тамхи, хүн худалдаалах гэмт хэрэг, хууль бус хөдөлмөр эрхлэлт, үл хөдлөх хөрөнгийн дамын наймаа, цахим залилан болон зочид буудал, хэлний сургууль зэрэг зөвшөөрөлгүй бизнес эрхлэх тохиолдол огцом өссөн нь уг бодлогыг буцаах гол шалтгаан болжээ. Тиймээс засгийн газар зөвхөн жуулчдын тоонд анхаарах бус, жинхэнэ өндөр үнэ цэнэ бүхий жуулчдыг татах руу шилжиж байгаагаа онцолсон юм.
Энэхүү өөрчлөлт нь энгийн жуулчдад төдийлөн нөлөөлөхгүй бөгөөд албан ёсны статистик мэдээллээр нийт жуулчдын 90 орчим хувь нь 30 хоногийн дотор буцдаг ба дундаж аялал 9-15 хоног үргэлжилдэг байна. Харин цахимаар ажиллагсад буюу дижитал нүүдэлчид, зайнаас ажиллагсад болон тэтгэвэртээ гарсан хүмүүст хүндрэл учруулах магадлалтай. Эрх баригчдын зүгээс урт хугацаагаар байх шаардлагатай хүмүүст нэг удаагийн оролтоор 180 хүртэлх хоног байх боломжтой Destination Thailand Visa (DTV) зэрэг албан ёсны урт хугацааны виз мэдүүлэхийг зөвлөж байна.
Монгол Улс энэхүү журамд багтсан эсэх талаар мэдээлэл олдсонгүй. Монгол Улсын Гадаад харилцааны яам удахгүй энэ талаар мэдээлэх биз ээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна