Нийгмийн хамгааллын тусгай төвөөс зорилтот бүлгийн иргэдийн амьдрах орчин, үйлчилгээний нөхцөлийг сайжруулах, байгаль орчноо хамгаалах зорилготой “Хүн бүр мод тарья” аяныг амжилттай хэрэгжүүлж байна. Тус аянд байгууллага, аж ахуйн нэгжүүд болон иргэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд идэвхтэй оролцон, мод хандивлаж дэмжлэг үзүүлсээр байна.
Өнгөрсөн амралтын өдөр буюу 17-ны өдөр Сод Монгол Групп ХХК-ийн Улаанбаатар нефть хангамжийн газрын хамт олон Нийгмийн хамгааллын тусгай төвийн Сургалт, хөгжлийн цогцолбор төвд 130 ширхэг нарс мод хандивлаж албан хаагчид өөрсдөө тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ орууллаа.
Энэхүү сайн үйлсээрээ тэд зорилтот бүлгийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эко орчин бүрдүүлэхэд бодит дэмжлэг үзүүлээд зогсохгүй, тарьсан модоо цаашид хамтран арчилж ургуулах нөхөрсөг, тогтвортой хамтын ажиллагааны эхлэлийг тавьж байна.

Мөн Нийгмийн хамгааллын тусгай төвийн үйлчлүүлэгч иргэд энэхүү аянд идэвхтэй оролцож, байгаль орчноо хамгаалах үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулан, гар сэтгэл нийлэн мод тарилтад нэгдэж байгаа юм.
“Хүн бүр мод тарья” аян 2026 оны 5 дугаар сарын 21-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд байгальд ээлтэй, ногоон орчин бүрдүүлэх энэхүү аянд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр нэгдэн оролцох боломжтой.





Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна