УСНЫ КОМПАКТ: Улаанбаатар хотын ус хангамж баталгаатай боллоо

Admin
2026/05/18

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээ буюу Усны Компакт хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ ойрын ирээдүйд учирч болзошгүй усны хомсдолоос сэргийлэх зорилго бүхий Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм.

Төслийн хүрээнд Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэх ёслолын арга хэмжээ 2026 оны 5 дугаар сарын 15-нд боллоо. 

Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн хүрээнд Биокомбинат, Шувуун фабрикийн орчимд гүний 30 худаг гаргаж, Монгол Улсад анх удаа дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг шугам хоолой, хяналт удирдлагын системийн хамт байгуулжээ. Ус хангамжийн баруун эх үүсвэр нь жилдээ 50 сая шоо метр усыг нийслэлийн унд ахуйн хэрэглээнд нийлүүлэх 8 дахь эх үүсвэр буюу Улаанбаатар хотын ус хангамжийн хамгийн том ундны усны эх үүсвэр болж байна. Ингэснээр ундны цэвэр усны хангамжийг 80 хувиар нэмэгдүүлж байгаа аж. 


Сонгинохайрхан уулын зүүн бэлд баригдсан тус үйлдвэрийн бүтээн байгуулалт 2021 онд шав тавьснаас хойш эрчимтэй өрнөж, ийнхүү товлосон хугацаандаа нээлтээ хийлээ. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн үйл ажиллагааг хариуцан ажиллах Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын 27 инженер, техникийн ажилтан үйлдвэрийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт тохируулгын шатнаас эхлэн дадлагажиж, 2025 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс ажилдаа томилогдон өдгөө гаршжээ. 

"АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР, АРД ТҮМЭНД ТАЛАРХЛАА"

Зүүн гар талаас Хотын дарга асан Х.Нямбаатар, АНУ-ын Элчин сайд Р.Буанган, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Сангийн Дэд сайд Б.Хулан, Мянганы сорилтын корпорацын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Дан Пийтри нар /2026.05.15/

Нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Мянганы сорилтын корпорацын Удирдах зөвлөлийн дарга Майкл Помпеотой Мянганы сорилтын II Компакт гэрээг батлан, улмаар үйлдвэрийн шавыг тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлж байснаа дурслаа. Мөн Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэлийг бататгасан, харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болох энэ үйлдвэр нийслэлчүүд, байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг усаар найдвартай хангаж, хот баруун тийш өргөжин тэлэх, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулахад чухал ач холбогдолтойг дурдлаа. Төгсгөлд нь АНУ-ын Засгийн газар, Элчин сайдын яам, Мянганы сорилтын корпорац, Америкийн ард түмэн, бүтээн байгуулалтад оролцсон төр, засгийн болон дотоод, гадаадын бүх байгууллага, хүмүүст талархал илэрхийлж, амжилт хүссэн юм.

"МОНГОЛЧУУД ОЛОН ҮЕЭРЭЭ АШИГЛАХ УС ГҮН ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛСОНД БАЯРТАЙ БАЙНА"

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган: 
Бид өнөөдөр түүхэн ач холбогдолтой үйл явдлын гэрч болж хамтдаа тэмдэглэж байна. Энэ нь Монгол Улс болон Америк нэгдсэн улсын  бат бөх харилцааг илэрхийлээд зогсохгүй Монголын ард түмэн олон үеэрээ ашиглах ус гүн цэвэршүүлэх үйлдвэртэй болсонд таатай байна. Өөрөөр хэлбэл ариун цэврийн шаардлага хангасан цэвэр устай байх боломжийг бүрдүүллээ. Энэ нь зүгээр ч нэг барилга байгууламж биш, хоёр орны Засгийн газар болон хоёр орны татвар төлөгчдийн дэмжлэгээр бий болсон үнэт зүйл юм. АНУ-аас 463 сая ам.долларын буцалтгүй тусламж болон Монгол Улсын 112 сая ам.долларын төсвөөр бий болсон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашигласан, энэхүү Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр бий болсноор Мянганы сорилтын корпорацын II Компакт гэрээний хэрэгжилт энэ ондоо ийнхүү дуусаж буй. Тиймээс уг үйлдвэрийг Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотын засаг захиргаанд хариуцуулж, хүлээлгэн өгч байгаа ба цаашдаа олон үе дамжин өвлөгдөн үлдэх үнэт зүйл гэж бодож байна.  

"ЭНЭХҮҮ ТӨСЛИЙН ҮР ДҮНД ТҮНШЛЭЛЭЭ ДЭЭД ТҮВШИНД ХАРУУЛЖ ЧАДЛАА"

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Дан Пийтри: 
АНУ-ын Мянганы сорилтын корпорац Монгол Улстай олон жилийн хамтын ажиллагааны түүхтэй. Энэ удаагийн Усны компакт гэрээний ач холбогдол нь өндөр үнийн дүнтэй гэдгээрээ онцлог. Тэр утгаараа үүнийг бид түншлэлээ дээд түвшинд харуулж чадсан амжилттай нэгэн төсөл гэж харж байна. Бид анх уг төслийг төлөвлөхдөө хөрөнгө оруулалт дууссаны дараа тогтвортой үйл ажиллагаа явуулахад хэрхэн анхаарахад онцгой ач холбогдол өгсөн. Нэгдүгээрт мэдээж дэд бүтцийг барьж байгуулах байсан. Хоёрдугаарт үйлдвэрийн үйл ажиллагааг хангах бодлого боловсруулагч, салбарын инженерүүдийг бэлтгэхэд багагүй хүчин чармайлт гаргаж, төслийн хүрээнд олон ажлыг хийлээ. Үүнээс үүдэн усны салбарыг хөгжүүлэх бодлогын шийдвэрүүдийг гаргаж, олон инженерийг шинэ технологид сургаж бэлтгэсэн нь төсөл дууссан ч Монгол Улсын усан хангамжийг бий болгох байнгын ажиллагаатай суурь дэд бүтцээс гадна энэ салбарт ажиллах чадварлаг боловсон хүчнийг бэлтгэсэн гэж бодож байна. Энэ утгаараа бид энэхүү төслөөрөө маш их бахархаж байна. 

"ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРСНООР ЦЭВЭР УСНЫ ХАНГАМЖИЙГ 80 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЛЭЭ"

Монгол Улсын Сангийн Дэд сайд Б.Хулан: 
Бид нөөц баялаг гэхээр зөвхөн уул уурхайн баялаг гэж ойлгоод байдаг. Гэтэл бидний хамгийн чухал нөөц баялаг бол ус. 90-ээд оноос хойш Улаанбаатарт суурьших хүн амын тоо өссөнтэй холбоотойгоор усны хэрэглээ нэмэгдсэн, цэвэр усны хангамж, тэр дундаа цэвэршүүлэх үйлдвэртэй болох нь нэн тэргүүний чухал зүйл юм.


Үйлдвэр барихад энд байсан 50 бүл тарвагыг өөр газар нүүлгэж нутагшуулсан.

АНУ-ын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын төсвөөр хамтарсан төслийг хугацаа хэтрэлтгүй, төсөв хэтрүүлэлгүй ашиглалтад оруулж байна. Цаашид улсын болон хамтарсан төслүүддээ энэ жишгийг баримталж, бусад дараагийн төслүүдэд ч томоохон жишиг болно гэж харж байна. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор зөвхөн ундны ус гэлтгүй, эдийн засгийг тэтгэх томоохон хүчин зүйл болох юм. Өөрөөр хэлбэл, ундны усны өмнөх 7 эх үүсвэр нийт 50-70 шоо метр байсан бол үйлдвэр ашиглалтад орсноор 50 шоо метрээр нэмэгдэж цэвэр усны хангамжийг 80 хүртэлх хувиар нэмэгдүүлж байгаа. Үйлдвэрийг барихад тогтвортой хөгжлийн бүхий л зарчмыг баримталсан ба жишээ нь энд байсан 50 бүл тарвагыг өөр газар нүүлгэж нутагшуулсан. Түүнээс гадна олон суваг шуудуу барих, шугам татах ажлыг хамгийн дэвшилтэт технологиор буюу суурьшлын бүс, зам харгуй, Туул голыг хөндөхгүйгээр барьснаараа онцлог юм. Үйлдвэр ашиглалтад орсноор шууд гарах үр нөлөөнөөс гадна төслийн хугацаанд 7000-8000 монголчууд ажилласан. Төсөлд бид олон улсын мэргэжилтнүүдтэй хамтарч, дотоодын хүний нөөц тэр хэмжээгээрээ чадавхжин, дараагийн төслүүдэд ажиллах дотоодын чадамж бий боллоо гэж харж байна. 

Монголын Мянганы сорилтын сан нь АНУ-ын МСК-ын буцалтгүй тусламж болон Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаас бүрдэх нийт 461 сая ам.долларын санхүүжилтээр нийслэлчүүдийн усны эрэлтийг урт хугацаанд, тогтвортой хангахад чиглэсэн Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр, түүний дотор Ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, Хаягдал ус дахин боловсруулах, Усны салбарын тогтвортой байдлыг хангах гэсэн харилцан уялдаа бүхий гурван томоохон төслийг товлосон хугацаа, батлагдсан төсөвтөө багтаан амжилттай хэрэгжүүлж ийнхүү дууслаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна