Хотын дарга Х.Нямбаатарын охины нохойны тансаг хэрэглээний талаар мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Х.Нямбаатарын охин Н.Мишээлийн нохой тусдаа Instagram аккаунттай бөгөөд стейк идэж, шар айраг ууж, европын олон улсаар аялдаг гэх мэдээллийг бид нягтлан шалгахад үнэн байлаа.
Уг нохой нь Японы Акита үүлдрийнх бөгөөд 2020 оны гуравдугаар сарын 09-нд Чехийн Параг хотод мэндэлжээ. Үнийн хувьд нэг гөлөг нь 1000-3000 ам.доллар буюу 5 сая орчим төгрөгийн үнэтэй байдаг байна. Х.Нямбаатарын охины Гэнсэй нэртэй нохой Италийн Ром хот, Францын Парис гэх өндөр өртөгтэй орнуудаар аялжээ. Гэнсэй нохойны идэж хэрэглэж буй зүйлсийн зургийг эзэн нь инстаграм хуудаснаа тогтмол оруулдаг. Нямбаатарын охины нохой далай хясаа, сардин загас, үхрийн мах, бөдөн шувууны өндөг, хонины хавирга, стеак, тахианы мах, борцолсон мах, бруссел байцаа гэх хоолнуудыг өдөр тутамдаа идэж, нохойны шар айраг уудаг байна. Гэнсэй нохойны уудаг нэг шил шар айраг нь 4 евро буюу 16800 төгрөг. Хамгийн гол нь хотын дарга Х.Нямбаатар 2009 оноос хойш төрийн байгууллагад ажиллаж байгаа ба нэг ч удаа бизнес эрхэлж үзээгүй атал ямар мөнгөөр нохойгоо ингэж тансаглуулдаг нь анхаарал татна. Манай улсад төсвийн цалинтай төрийн албан хаагчид тансаг амьдарч, ажлын байр бүтээн бизнес эрхлэгчид өдөр хоногоо аргацаан татвар торгуульд дарлуулж байна. Энэ урвуу системийг халж, хувийн аж ахуйн нэгжүүд өргөсөж, төрийн данагар бүтэц жижгэрснээр Монголчууд хөгжил гэх зүйлд дөнгөж хөл өө тавина. Даанч төрийн албан хаагчдын хүүхэд, нохойн хэрээс хэтэрсэн тансаглалаас харахад л хөгжил гэдэг Монголчуудаас дэндүү хол байна.






Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна