Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийлээ.
“Засгийн газрын анхдугаар хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарт онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Өнөөдрийн хуралдаанаар хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа хүнсний ногооны хангамжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр цогц арга хэмжээний тогтоол баталлаа. Уг тогтоолд хөдөө аж ахуй, газар тариалантай холбоотой хэд хэдэн чухал заалт багтсан. ТУХАЙЛБАЛ, хөдөө аж ахуйн салбар эрхлэгчдэд Газрын тухай хуульд заасан эрхийг олгох асуудлыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шилжүүлж байна. Мөн үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан нэг тэрбум төгрөгөөр дөрвөн төрлийн хүнсний ногооны үр худалдан авч, хөнгөлөлттэй зээлээр олгохоор шийдвэрлэлээ. Үүний үр дүнд 19 мянган тонн хүнсний ногоо үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Цаашид өвлийн болон зуны хүлэмжийн аж ахуйд онцгойлон анхаарч, хүлэмж эрхлэгчдэд хүүгүй, урт хугацааны зээл олгохоор төлөвлөж байна. Түүнчлэн хүлэмж эрхлэгчдэд тулгардаг цахилгааны зардлын дарамтыг бууруулах зорилгоор 400 гаруй сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр боллоо” гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна