"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Булган аймаг 2025 оны байдлаар 2.5 сая мод тарьж, ургуулаад байна.
2022 онд 755.099, 2023 онд 710.065, 2024 онд 466.379, 2025 онд 618.411 мод тарьснаар Булган аймгийн иргэн бүр дунджаар 41 мод тарьсан үзүүлэлт гарчээ.
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Булган аймаг 20 сая мод тарьж ургуулах зорилт тавьсан байна.
Булган сумын Майдарын голын хөвөөнд төр, төсвийн 28 байгууллага хамтран 5585 мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна. Хангал сумын Хялганат тосгонд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт-үйлдвэрлэлийн төв болон ОБЕГ-ын 123 дугаар анги идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Мөн Гурванбулаг суманд мод тарих ажлыг дэмжих, услалтын системийг сайжруулах зорилгоор 30 сая төгрөгийн төсөв бүхий усалгааны систем суурилуулах ажлыг Байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж, бүтээлч ажлуудыг тасралтгүй өрнүүлж байна.
Булган аймаг 48.7 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 61.552 хүн амтай бөгөөд 1.922.207 га ойн сан бүхий томоохон бүс нутаг юм.
Ой нь усны ундарга, цэвэр агаар, хүн амьтны амьдрах орчин, хүнс, модон бүтээгдэхүүний нөөц бүхий биологийн олон янз байдлын нэгдэл болсон экосистем бөгөөд нөхөн сэргээгдэх үнэт баялаг юм.


Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна