УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөр /2026.04.01/-ийн хуралдаанаар Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөл оруулах протоколын төслийг хэлэлцэв. Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн тус хэлэлцээрийн талаар гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлт, ОХУ түлшиндээ экспортын хязгаарлалт тогтоох, татвар нэмэгдүүлэх эрсдэлтэй. Иймд манай улсад агаарын хөлгийн түлш тасралтгүй нийлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа уг хэлэлцээрийг дэмжих нь зүйтэй гэх байр суурийг зарим гишүүд илэрхийлсэн.
Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг зөвшөөрч гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг байнгын хорооны гишүүдийн олонх буюу 63.2 хувь нь дэмжив.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөвшилцөхийг байнгын хороо дэмжсэн учир дараагийн шат буюу соёрхон батлуулах тухай асуудал УИХ-аар хэлэлцэгдэнэ. Иймд, хэлэлцээрт гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, илүү сайжруулахад онцгой анхаарах хэрэгтэй “ хэмээн ажлын хэсгийнхэнд даалгав.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна