Инчоны нисэх буудлын дамжин өнгөрөх хэсэгт 14 сарын турш саатуулагдсан 52 настай Конго улсын иргэнд нөхөн төлбөр олгож, цаашид үүнтэй төстэй зөрчил гарахаас сэргийлэх алхмууд авахыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс БНСУ-д хандан уриалсныг нийтийн эрх ашгийн төлөөх хуульчдын "Duroo" холбооноос лхагва гарагт мэдээлжээ.
Орогнол хүсэх зорилгоор БНСУ-д ирсэн тус иргэнийг 2021 оны дөрөвдүгээр сар хүртэл 14 сарын турш нисэх буудлын дамжин өнгөрөх хэсэгт байлгасан нь хууль эрх зүйн тодорхой үндэслэлгүйгээр хүний эрх чөлөөг дур мэдэн хязгаарласан явдал гэж Хүний эрхийн зөвлөл дүгнэсэн байна. Энэ хугацаанд тэрбээр хүнлэг бус, хувийн орон зай бага, наад захын хэрэгцээт зүйлсээр дутагдсан нөхцөлд амьдарч байсныг онцолжээ.
Конго улсын иргэн 2020 оны хоёрдугаар сард дамжин өнгөрөх нислэгээр Инчонд бууж, дүрвэгчийн статус авах хүсэлтэй байгаагаа гаалийн ажилтанд мэдэгдсэн аж. "Duroo"-ийн мэдээлснээр түүнийг Уганда улсын дэмжлэгтэй зэвсэгт босогчдын бүлэгт хүчээр элсүүлсэн бөгөөд зургаан сарын дараа тэндээсээ зугтаж, улмаар БНСУ-д иржээ.
Нисэх буудлын дамжин өнгөрөх танхимд амьдарсан өдрүүд нь "там шиг байсан" хэмээн тэрбээр ярьжээ. Танхимын сандал дээр унтаж, хоол олж идэхийн тулд бусад зорчигчдоос гуйж, ихэнх үед төмсний чипс, усаар амь зогоож байсан тул байнга өвддөг байснаа дурссан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна