Зодооны хэрэгт холбогдсон непокидүүдийн хар тамхины хэрэг юу болов?

Admin
2026/02/12

2025 долоодугаар сарын 19-ний шөнө СБД-ийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Канте хэмээх шөнийн цэнгээний газрын орчимд бүлэг залуусын танхайрал, зодоон болж иргэн Д.Саяннямбууг хүнд гэмтээсэн хэрэг гарсан.

 Хохирогчийг гэмтээсэн хэрэгт Эрэл-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, “Говь”-ийн захирал Б.Амарсайхан болон бусад этгээдүүд нэр холбогдож, яллагдагчаар татсан. Энэ хэргийн шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ны өдөр БЗ, СБ, ЧД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж өндөрлөсөн. Шүүхээс шүүгдэгчдэд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэн Ц.Санжаачойпэлд 1 жил зорчих эрх хязгаарлах, Э.Тэмүүлэн Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт 8 сар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан юм.

Тэгвэл хоёр долоо хоногийн өмнө болсон непокидүүдийн зодооны хэрэгт хар тамхины хэрэг нь хаачив? Гэж интернэт хэрэглэгчид ихээр асууж байв. Зодооны хэрэг гарсны дараа Э.Тэмүүлэн, Ц.Санжаачоймпэлийг баривчилж, хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн эсэх шинжилгээ авахад эерэг гарсан талаар хэвлэлүүд мэдээлж байсан юм. Харин Баатарсайханы Амарсайхан хил давж гарсан учраас хар тамхины шинжилгээ авах боломжгүй байв. Энэ тухай хэрэгт холбогдогчдын өмгөөлөгчид, шүүхээс тодруулахад, зодооны хэрэг гарсны дараа буюу өнгөрсөн долоодугаар сард хар тамхины хэргийг тусад шийдээд хариуцлага үүрүүлсэн гэв.

Тодруулбал, өнгөрсөн долоодугаар сарын 23-нд Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарыг 30 хоног цагдан хорих арга хэмжээ авч, хар тамхи хэрэглэсэн хариуцлага хүлээлгэсэн гэж үзжээ. Хуулиараа хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн хүнийг зөрчлийн хуулиар 7-30 хоног баривчлан хариуцлага хүлээлгэдэг. Харин хар тамхи, тээвэрлэсэн, худалдаалсан этгээдийг эрүүгийн хуулиар хэргийг шийдвэрлэдэг учир Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нар хар тамхи хэрэглэсэн гэх үндэслэлээр ийм хариуцлага хүлээгээд гарсан байна. Непокидүүдийн хар тамхи, зодооны хэрэг ингэж шийдэгдсэн байдаг.

 Харин нөгөө талд хохирогч Д.Саяннямбуугийн найз гэх ЦЕГ-ийн дарга Ж.Болдын дагавар хүү У.Өлзийсайханы нэр шүүх хуралд ихээр дурдагдсан. Санжаачоймпэлийн найз охин Хүслэнг У.Өлзийсайхан өдөж, хэрэг үүсэх маргааныг эхлүүлж бусдын биед халдсан гэж гэрчүүд мэдээлж, бичлэгээр нотлогдсон. Гэвч цагдаа нар У.Өлзийсайханаас гэрчийн мэдүүлэг аваад өнгөрсөн ба хэрэгт холбогдсон хохирогч талын этгээдүүдээс хар тамхины шинжилгээ аваагүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр хохирогч Д.Саяннямбуу болон түүний найзууд ч мөн адил хар тамхи хэрэглэсэн байсан гэв. Уг нь хууль хэрэгт холбогдсон бүх хүмүүст ижил тэгш үйлчилж, хариуцлага хүлээлгэх ёстой ч хохирогч талын найзуудад нь хөнгөн үйлчлээд өнгөрөөсөн нь анхаарал татна.  
 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна