Дайнд амиа алдагсдын зурагтай, Украины тамирчны дуулгыг олимпын тэмцээнд хоригложээ

Admin
2026/02/10

Украины хэвтээ чарганы спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амиа алдсан украин хүмүүсийн зургийг дүрсэлсэн дуулга тэмцээний үеэр өмссөн ч Олон улсын олимпын хороо (ОУОХ) хоригложээ. Улмаар тэр уг шийдвэрт тэрбээр маш их гомдолтой байгаагаа илэрхийлэв. 

27 настай Гераскевич энэхүү дуулгыг Итали улсын Кортина хотод болсон Өвлийн олимпын бэлтгэлийн үеэр өмсөж байсан бөгөөд Олимпын наадмыг Украины дайнд олон улсын анхаарлыг хандуулахад ашиглана хэмээн өмнө нь хэлж байв.

ОУОХ уг дуулгыг хориглосон эсэхээ одоогоор албан ёсоор олон нийтэд батлаагүй байна.

“ОУОХ миний дуулгыг албан ёсны бэлтгэл болон тэмцээний үеэр хэрэглэхийг хориглосон” хэмээн Гераскевич Инстаграм хуудсандаа бичжээ. Тэрбээр Баасан гарагт болсон нээлтийн ёслолд Украины төрийн далбаа барьж алхсан юм.

“Энэ шийдвэр үнэхээр зүрхийг минь шархлуулж байна. Олимпын нэг хэсэг, дахин хэзээ ч спортын тайзан дээр гарч чадахгүй болсон тамирчдыг хүндэтгэх боломжийг үгүйсгэж байгаа мэт санагдлаа. Орчин цагт ч, өнгөрсөн түүхэнд ч ийм төрлийн хүндэтгэлийг зөвшөөрч байсан жишээ байсаар атал энэ удаа Украинд зориулж тусгай дүрэм тогтоосон мэт шийдвэр гаргалаа" хэмээжээ. 

Гераскевич Reuters агентлагт ярихдаа дуулган дээр нь дүрслэгдсэн хүмүүсийн олонх нь тамирчид байсан бөгөөд тэдний дунд өсвөрийн хүндийн өргөлтийн тамирчин Алина Перегудова, боксчин Павло Ишченко, мөсний хоккейн тамирчин Алексий Логинов нар багтсан ба зарим нь түүний сайн найзууд байсан гэжээ.

Түүний хэлснээр, ОУОХ-ны тамирчид, үндэсний олимпын хороод болон ОУОХ хоорондын харилцааг хариуцсан төлөөлөгч Тошио Цурунага тамирчдын тосгонд ирж, уг шийдвэрийг өөрт нь танилцуулсан байна. “Тэр үүнийг 50-р дүрэмтэй холбоотой гэж тайлбарласан,” хэмээн Гераскевич Reuters-т ярьжээ.

Олимпын дүрмийн 50.2-т “Олимпын аливаа байгууламж, тэмцээний талбай болон бусад бүсэд улс төрийн, шашны эсвэл арьс өнгөөр ялгаварласан аливаа хэлбэрийн суртал ухуулга, үзүүлбэрийг хориглоно” гэж заасан байдаг.

Гераскевич мөн хэлэхдээ ОУОХ уг дуулгатай холбоотой асуудлаар Украины Олимпын хороотой холбогдсон гэж мэдэгдсэн гэжээ. Харин ОУОХ тэмцээн хоёрдугаар сарын 12-нд эхлэх бөгөөд уг дуулгыг тэмцээнд ашиглах талаар албан ёсны хүсэлт хүлээн аваагүй гэжээ.

Энэ хооронд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский X хуудсандаа Гераскевичид талархал илэрхийлж, “Бидний тэмцлийн үнэтэй үнэ цэнийг дэлхий дахинд сануулсанд баярлалаа” гэж бичжээ.

Тэрбээр цааш нь "Энэ нь эвгүй санагдаж болох ч, үүнийг спортын арга хэмжээн дэх улс төрийн үзүүлбэр гэж тодорхойлж болохгүй. Энэ бол орчин үеийн Орос улс ямар байгааг дэлхий дахинд сануулж буй хэрэг” хэмээн онцолсон байна.

Украины анхны скелетон чарганы тамирчин Гераскевич 2022 оны Бээжингийн Өвлийн олимпод “Украинд дайн хэрэггүй” гэсэн бичиг барьж гарч байсан нь ОХУ Украин руу довтлохоос хэдхэн хоногийн өмнөх явдал байв. 2022 онд ОХУ Украинд бүрэн хэмжээний халдлага эхлүүлсний дараа Орос, Беларусь улсын тамирчдыг олон улсын спортын тэмцээнүүдээс ихэнхийг нь хассан ч сүүлийн үед аажмаар эргэн оролцох боломж олгож эхэлсэн.

ОУОХ Оросын 13 тамирчныг “Төвийг сахисан хувь тамирчин” статустайгаар Милан–Кортинагийн олимпод оролцохыг зөвшөөрсөн байна.






0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна