Дээрээ хөх тэнгэр л бий гэж тунхагладаг Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн улстөр дэх холбоо сэжим өнөөдөр хамгийн хөндүүштэй асуудал болж байна. Эрх баригчдаас, ер бүгдээс ангид байх ёстой Үндсэн хуулийн цэц үнэндээ бол хэнээс хамааралтай байж болохыг хэлүүлэлтгүй мэддэг болчихжээ, монголчууд. Хуулийн томьёоллоор харьцангуй хараат бус байх гаргалгаа олж, нийт гишүүний гурвыг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Дээд шүүхээс тус тус томилдог хууль бий. Тэр хууль ёсоор өнөөдрийн цэцийн гишүүдийн гурвыг нь Б.Занданшатар УИХ-ын дарга байхдаа томилж байв. Мөн Д.Амарбаясгалан, Г.Занданшатарын зодооны дундуур гэнэт гарч ирж хориг тавин экс Ерөнхий сайдад найр тавьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гурван гишүүнийг нь томилсон байдаг юм. Шуудхан хэлэхэд Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүний 6-г нь өдгөө өрнөж буй улстөрийн зодоонд нэг тал болчихсон яваа Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар томилж байж.
Цэцийн их суудлаараа хэлэлцэх гэж байгаа маргаан нь ч анхаасаа асуудалтай. Өнгөрсөн баасан гаригт Засгийн газрын тэргүүнийг огцруулах эсэх шийдвэр гарсан байхад өмнөх өдөр нь буюу пүрэв гаригт Цэцэд гараагүй шийдвэрийн талаар гомдол оччихсон, хэрэг үүсгээд эхэлчихсэн байдаг. Цэцийн мэргэжлийн, туршлагатай, шилдэг хуульчид УИХ-ын шийдвэр албажаагүй, бүр чуулган эхлээ ч үгүй байхад хэрэг үүсгэсэн байгааг ойлгох ухаан хэнд ч алга. Маниасаа дутахгүй хуулиа мэддэггүй хүмүүс юм уу, эсвэл албаар ингэж гох дэгээ үүсгээд байдаг юм уу, бүү мэд.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Х.Баттулгыг дэвшүүлэхгүй гэж улстөржиж, “хөх тэнгэрийн харьяат” гэгдэх ёстой гишүүд нь хормой, хонгоны хэрэгт холбогдож, хүүхэд нохойн доог тохуу болж байсныг сануулах юун. Гэтэл өнөөдөр дахиад л хэрүүл, маргааны эх уурхай болж, парламентын засаглалынхныг даапаалж эхлэв үү, яав? Энэ бүхний ард юу өрнөж, хаашаа чиглэж байгааг мэргэн олон маань дахиад нэг тунгаан бодоорой.
Монголчууд бид хүлцэнгүй, ардчилал, парламтентын засаглалаа хамгаалах ухамсар, үнэт зүйл байдаггүй, даргад хайртай ард түмэн юм уу хууль зүйт, ардчилсан, олонхийн засаглалтай, шүүх засаглалдаа итгэдэг ард түмэн юм уу? Монголчууд парламентын засаглалдаа итгэх үү, гэнэт гарч ирдэг Ерөнхийлөгч, суудлаа өгөхгүй гэж үхэн хатан зууралдаж байгаа эрх мэдэлтнүүддээ итгэх үү? Эцсийн эцэст хэн нэгэн, хэсэг бүлэглэлийн эрх ашгаар л хуулийг, хуульт ёст шийдвэрийг зураглагчид, будилуулагчид Монголд засаглах болж байгаа юм уу гэдгийг яалт ч үгүй шүүн харах цаг ирж. Харин хэрэг явдал хаашаа эргэх бол? Цэцийн дээр хөх тэнгэр л байна уу, бүлэглэлийн эрх ашиг, нэг эсвэл нэг хэсэг хүмүүсийн дарангуйллыг хүсэмжлэгчид байна уу гэдгийг харах л үлдлээ.
Дашрамд албажаагүй шийдвэрийг илбийн аргаар урьдчилж мэдээд, бараг шийдвэрээ томьёолчихсан байгаа нь цэц том даргын нохойд барьдаг мод, хуц гэсэн газар хуцдаг нохой болжээ гэж дүгнэхэд хилсдэхээргүй л харагдаж байна.
Хөх тэнгэрийг л дээрээ зална гэдэг Цэц маань дахиад л хүүхэд нохойн доог болох вий дээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна