Улсын драмын эрдмийн театрын дээврийг засварлахаар болжээ

Admin
2025/09/20

Улсын драмын эрдмийн театрын барилга нь 200 орчим өрөө, тасалгаатайгаас гадна 522 хүний суудалтай жүжгийн их танхим, 200 хүний суудалтай жүжгийн бага танхим, 500 хүний багтаамж бүхий бүжгийн танхим зэрэг олон зориулалтын өрөө, заал бүхий Монголын урлагийн үнэт өв, соёлын төв цогцолборын нэг билээ.

Өнөөдөр уг барилгад Монгол Улсын мэргэжлийн урлагийн гурван том байгууллага болох Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Улсын хүүхэлдэйн театр байрлаж, нийт 350 гаруй уран бүтээлч, ажилтан, албан хаагч өдөр тутам уран бүтээлээ туурвин, олон нийтэд соёлын үйлчилгээ үзүүлж байна. Жил бүр дотоод, гадаадаас 100–120 мянга гаруй үзэгчид энэхүү урлагийн цогцолборыг зорин ирдэг нь уг барилга зөвхөн нийслэлийн бус, улсын хэмжээнд соёл, урлагийн амьдралын голомт байсаар ирснийг илтгэнэ.

1963 онд ашиглалтад орсноос хойш нэг ч удаа дээврийн их засвар хийгдээгүй бөгөөд цаг хугацааны урсгал, байгалийн давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр барилгын дээврийн хийц ихээхэн хуучирч, эвдрэл гэмтэлд өртсөн байна. 2015 онд “Шинжлэх ухаан, технологийн их сургууль”, “Барилга архитектурын сургууль”, Оношлогоо, зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төв болон бусад мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүгнэлтээр барилгын ашиглалтын аюулгүй байдал ноцтой түвшинд хүрчээ. 

Энэхүү нөхцөл байдлыг үндэслэн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Чинбатын Ундрамтай уулзалт зохион байгуулж, гурван байгууллагын үе үеийн хамт олон, уран бүтээлчид, үзэгч олон нийтээс ирүүлсэн хүсэлт, шаардлагыг уламжилсан билээ. Уг асуудалд төр, засаг онцгой анхаарал хандуулж, Засгийн газрын хуралдаанаар Улсын драмын эрдмийн театрын дээврийн их засварын ажлыг шийдвэрлүүлэхээр болсонд гурван байгууллагын хамт олон болон уран бүтээлчид гүн талархал илэрхийлж байна.

Энэхүү шийдвэр нь Монголын урлаг, соёлын үнэт өвийг хамгаалж, мянга мянган үзэгчдийн ая тухтай, аюулгүй орчинд уран бүтээлээ үзэх нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ, үе үеийн уран бүтээлчдийн хөдөлмөрийн дархлааг баталгаажуулсан чухал алхам болж байна6


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна