СУРВАЛЖИЛГА: Чихрийн шижингийн тариа тасраад хоёр сар болсон ба ирэх жил ч хомсдох магадлалтай байна

А.Булганчимэг
2025/09/08

Монголд чихрийн шижинтэй хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж, 100,000 гаруй хүн энэ өвчнөөр оношлогдсон гэх судалгаанууд байдаг. Чихрийн шижинтэй өндөр сахартай хүмүүс шокт орох, харвах, бусад эд эрхтнүүдэд нөлөөлөх зэрэг үр дүн гарах эрсдэлтэй байдаг. Тэгвэл эдгээр хүмүүсийн хэрэглэдэг цусан дахь сахрыг тогтворжуулдаг инсулины тариа улс даяар тасраад 2 сар гаруй хугацаа болсон байна. Ийнхүү мэдээллийг нягтлахаар "Бөмбөгөр" захын ойролцоо байдаг эм ханган нийлүүлэх төв, эмийн сангуудаас инсулины тариа байгаа эсэхийг тодрууллаа. Тэд, “Сахрын тариа тасраад 2 сар болж байна. Хэзээ ирэх тухай мэдээлэл байхгүй. Хүмүүс их асууж байна” гэж хариулав.

Чихрийн шижин өвчтэй иргэд инсулиний тариа байхгүйд бухимдаж байна

Чихрийн шижинтэй өвчтөн Р.Батбаяр, “Би сахрын өвчтэй болоод 8 жил боллоо. Хоёр жилийн өмнөөс тарианд орсон. Миний мэдэхийн нэг сарын өмнөөс сахрын тариа тасарлаа. Сахрын тариа олдохгүй байгаа учраас хүнээр гадаадаас үнэтэй тариа захиалж авч байна. Инсулиний тариагүй болохоор цусан дахь сахар огцом өндөр болоод хэцүү байдаг. Надад дүүргийн эмнэлгээс инсулиний тариаг есдүгээр сарын 5-аас асуугаарай гэж хэлсэн. Өөр мэдээлэл өгөөгүй. Энэ бүхэл бүтэн улсад инсулиний тариа тасарч байгааг гайхаж байна. Өөр өндөр настай, хэцүүхэн амьдралтай хүмүүс яадаг юм бол доо. Гайхаж байна” гэв.

Инсулиний тариа 10 хоногийн дараа ирнэ 

Чихрийн шижингийн тариаг манай улс нийт 3-н импортлогчоос 24 нэрээр импортолдог байна. Тэгвэл яагаад инсулиний тариа тасарсан, хэзээнээс ирэх боломжтой болохыг ЭЭХХЗГ-ын Эм хангамжийн газрын дарга Т.Алтанцэцэгээс тодрууллаа. 

Сайн байна уу? Инсулиний тариа тасарсан тухай иргэд мэдээлж байна. Яагаад тасарсан бэ? 

-Манай улсад удаан үйлдэлтэй инсулиний тариа 5 хоногийн нөөцтэй байгаа. Энэ бол эм ханган нийлүүлэх төв, дүүргийн эмнэлгийн байгууллагаас нэгтгэсэн үзүүлэлтээр ийм нөөцтэй байгаа гэж тодорхойлсон. Энэхүү тариа нь Дани улсын Новонордиск үйлдвэрт үйлдвэрлэгддэг. "Новонордиск" үйлдвэрээс инсулиний тарианд 8-9 сарын тасалдалт үүсгэх гээд байгаа үндсэн шалтгааныг тодруулсан. Тэгэхэд савалгаа хийдэг шугамд нь маш том эвдрэл гарсан гэдэг мэдээлэл өгсөн. 

-Инсулиний тариа хэзээ хэвийн импортлогдож эхлэх бол? 

-Тус үйлдвэрээс хэзээ манай улсад энэ тариаг нийлүүлэх вэ гэхээр тодорхой хугацаа заасан хариу өгөхгүй байгаа. Тэгэхээр 2026 онд ч энэ эрсдэл давтагдаж магадгүй юм байна гээд тендерт шалгарсан эм ханган нийлүүлэх төв Бразил дахь Новонордеик үйлдвэрт хандсан байгаа. Энэ сарын 15-20-ны өдрүүдэд импортоор орж ирэх нөхцөл үүсэж байна.

 Чихрийн шижинтэй, эрүүл мэндийн хүнд нөхцөл байгаа хүмүүс инсулиний тариагүй болох нь ноцтой асуудал учраас бид энэ асуудлыг сурвалжиллаа. Ямартай ч "Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас" улсын хэмжээнд хомсодсон удаан үйлдэлтэй инсулиний тариа долоон хоногийн дараа ирнэ гэж мэдээллээ. Гэхдээ манай улсын нийт хүн амын 11,2 хувь нь чихрийн шижинтэй байдаг улсад 2 сар инсулиний тариа тасрах нь ноцтой асуудал юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.112.179
1 цагийн өмнө
0
0
ёстой хайнга ийм улс байдаг юм байхдаа. ганц инсулин биш. эм бас тасраад л байгаа. сахарын өвчтэй хүмүүс нийгмээс гадуур юм байна. ер нь монголын жирийн ард олон бүгд нийгмийн шоовдор хэсэг болж хэдэн луйварчид л амьд явж жаргах болж
Хариулах
59.153.112.179
1 цагийн өмнө
0
0
өөр газраас яаралтай авах үүрэгтэй биш үү?
Хариулах
66.181.184.80
1 цагийн өмнө
0
0
Манайд ирдэг тарианууд одоо үйлдвэрлэгдэхгүй болсон байгаа. Даний үйлдвэр 2дахь 3дахь үеийн тариаг үйлдвэрлэдэг болсон. Өөрөөр хэлбэл монголд эмнэлэгт хэрэглэхээ больсон тариа оруулж ирж байсан гэсэн үг.
Хариулах