ТОЙМ: Сая сая фанатуудын зүрхийг булгилуулсан хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн өдөр Шакирагийн дуугаар эхэлж Өмнөд Солонгосын хожлоор төгслөө

А.Булганчимэг
2026/06/12

Хөлбөмбөг бол зөвхөн спорт биш. Энэ бол хамтралын хүч, хичээл зүтгэл, хүсэл мөрөөдөл, эв найрамдал, шударга ёсны үнэт нэгдэл юм. Дэлхийн хөлбөмбөгийн хорхойтон, сонирхогчдыг зүрх нэгэн зэрэг цохилдог 40 хоног өнөөдрөөс эхэллээ. Дэлхий дахинаа сая сая фанатуудын хүсэн хүлээсэн дөрвөн жилд нэг удаа болдог хөлбөмбөгийн ДАШТ өнөөдөр шөнө 01:30 цагт Мексикийн Мехико хотын түүхэн "Мехико Сити" (Ацтека) цэнгэлдэх хүрээлэнд албан ёсны анхны нээлтээ хийв. FIFA WORLD CUP 2026 тэмцээний нээлт болон өнөөдрийн тоглолтын тойм мэдээллийг хүргэе.

Түүхэнд анх удаа АНУ, Мексик, Канад гэсэн гурван улсад зэрэг хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулагдаж байгаа бөгөөд нээлтийн цуврал ёслолын үйл ажиллагаа болно. Уг тэмцээн нь зургаадугаар сарын 11-ээс долоодугаар сарын 19-ны өдрүүдэд АНУ-ын 11 хот, Мексикийн 3 хот, Канадын 2 хотод зохион байгуулагдан болох болно. Өнөөдөр Мексик улсад тус тэмцээн нээлтээ хийснээр хөлбөмбөгийн ДАШТ-ийг гурван удаа зохион байгуулсан анхны улс боллоо.

Нээлтийн үйл ажиллагаа: Мексикийн уугуул ацтек үндэстний онцлог, соёлыг харуулсан дуу бүжиг, олны танил оддын үзүүлбэрүүдийг шингээсэн байв. Өнгө өнгийн дэрвэгэр хормойтой даашинзтай бүсгүйчүүд, солиут, гал, дроны гэрэлт шоу гээд нээлтийн үйл ажиллагаа эрч хүчээр дүүрэн болсон гэж дэлхий дахинаа алмайран магтаж байна. Колумбын супер од Шакира, Нигерийн дуучин Бурна Бой нар энэ жилийн дэлхийн аваргад зориулан гаргасан албан ёсны сүлд дуу болох Dai Dai-г хамтарч дуулав. Бусад алдартай уран бүтээлчдийн дунд Мана, Дэнни Оушен, Лос Анжелес Азулес, Ж. Балвин нар багтжээ. Мексикийн төрийн сүлд дууг Алехандро Фернандес ямар ч хөгжимгүйгээр дуулсан нь тус улсын иргэн бүрийг огшоосон нь гарцаагүй.


ТОГЛОЛТУУД: Ингээд нээлтийн үйл ажиллагаа дууссаны дараа шөнийн 03 цагт Мексикийн шигшээ баг Өмнөд Африкийн шигшээг 2:0-ээр буулган авч, аваргын анхны тэмцээнээ ялалтаар эхлүүллээ. Мексикийн багийн тамирчин Хулиан Квиньес тоглолтын эхний 10 минутад эхний гоолоо оруулсан юм. Үүний дараа тоглолтын хоёрдугаар хагаст Рауль Хименес хоёр дахь гоол оруулж, гайхалтай довтлогч гэдгээ баталж, ийнхүү хожив.

Дараагийн тоглолт өглөө 10 цагт Өмнөд Солонгос, Чех улсын багуудын хоорондын тэмцээн эхэлсэн. Тоглолтын эхний хагаст Солонгосын шигшээ баг найман довтолгоо хийсэн ч Чехийн хаалгач Матей Ковар амжилттай хамгаалсан. Үүний дараа Чех тоглолтыг эхлүүлж, найман минутын дараа Хван Ин-бом гоол оруулснаар Өмнөд Солонгосын тамирчид эрч хүч орсон билээ. Ингээд удалгүй Өмнөд Солонгосын баг 2 оноо авч, Чехийн баг 1 оноо авснаар ширүүхэн өрсөлдөөн өндөрлөсөн. Өмнөд Солонгосын баг дөрвөн удаагийн ДАШТ-ий дараа анх удаагаа улирлаа ялалтаар эхлүүлж байгаа нь энэ байлаа.

Дараагийн тоглолт 3.4 сая хүн амтай Босни Герцеговина Бүгд Найрамдах улс Канадын эсрэг шөнийн 03:00 цагт тоглоно. Харин маргааш өглөө 09:00 цагт АНУ-ын шигшээ багын эсрэг Парагвай улсын баг тоглох болно.

ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ БҮХ ТОГЛОЛТЫН ХУВААРЬ: https://asu.mn/qgb


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна