Н.Учрал: 35 жил ажилласан бол тэтгэвэр тогтоохдоо цалингийн 67.5 хувиар тооцдог байсныг 72.5 хувь болгоно

Admin
2026/06/10

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлээ танилцууллаа

Тэрбээр "Монгол Улсын иргэдийн хүн амын дундаж наслалт нэмэгдэж байгаа нь маш сайн үзүүлэлт. Амьдралын чанар сайжирсан гэсэн үг.

Тэтгэвэр авах хугацаа нэмэгдэж байгаа тул тогтолцоог шинэчлэх шаардлагатай байгаа. Өмнө нь гурван залуу хүн нэг тэтгэвэр авагчийн тэтгэврийг төлж байсан бол одоо хоёр залуу хүн нэг тэтгэвэр авагчийн тэтгэврийг төлж байна. Харин 2050 он гэхэд 1:1 болж, тэтгэвэр амьдралд хүрэлцэх нь улам багасна. Иймээс тэтгэврийг тогтолцооны хувьд шударга болгох шаардлагатай.

Илүү олон жил шимтгэл төлсний үр шим хаана байгааг иргэд үргэлж асуусаар байдаг. Бага цалинтай бол хэдэн ч жил төлсөн баталгаа муу, бага тэтгэвэр авдаг. 25 жил ажилласан байлаа ч 20, 30 жил ажилласантай ижил хэмжээний тэтгэвэр авдаг нь шударга биш юм. Тэтгэвэр ялгаагүй байхаар хүнд илүү олон жил хөдөлмөрлөж үр шимийг нь хүртэх сэдэл төрдөггүй. Иймд бидний шинэчлэл нийгмийн даатгалын хамрагдалтын хүрээг тэлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой.

2013 оноос өмнө тэтгэвэр бодох цалингийн дээд хязгаар 1.4 сая байсан. 2018 оноос хойш 2.4 саяар боддог болсон. Дундын завсар дээр таван жилийн дараа тэтгэвэрт гарсан хүн илүү тэтгэвэр тогтоолгосон нь шударга бус. Иймд 2013 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон бүх иргэдийн тэтгэврийг 2.4 саяас дахиж бодож, олгоно.

Одоогоор 10 хүний зургаа нь бага тэтгэвэр авдаг. Нийт тэтгэвэр авагчийн 57 хувь нь 796 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авдаг. Жил бүр инфляцтай уялдуулан нэмж байна. Цаашид тэтгэвэр тавьж чадахгүй нөхцөлд хүрнэ. Манай улсад 504 мянган хүн тэтгэвэр авч байгаа.

25 жилээс дээш жил ажилласан жил тутам 1.5 хувийн нэмэгдэл өгдөг байсныг 2 хувь болгоно.

35 жил ажилласан бол цалингийн 67.5 хувиар тооцдог байсныг 72.5 хувиар тооцдог болгож, хөдөлмөр эрхлэх хугацааг дэмжинэ. Мөн эмэгтэйчүүд тэтгэвэрт гарах хугацаагаа хойшлуулбал жил тутамд 4 хувиар нэмэгдүүлнэ. Жишээлбэл 57 насандаа тэтгэвэр гарах байснаа 60 нас хүртлээ ажиллана гэж сонговол тэтгэвэр нь 12 хувиар нэмэгдэх юм" гэв.




1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна