ТАНИН МЭДЭХҮЙ: Дэлхийн дулаарлын нөлөөгөөр Арктикийн мөс хайлж хүйтэн агаарын масс манай бүс нутаг дээр ирээд хөдөлгөөнгүй "гацсан” тул зургаадугаар сард Монголд хүйтэн байгаа гэв

А.Булганчимэг
2026/06/09

Зургаадугаар сарын эхэн зуны дэлгэр цагт өнгө өнгийн даашинзтай бүсгүйчүүд хотыг чимэж, шорттой хүүхдүүд хөгжилдөн гүйдэг байв. Гэтэл өнөөдөр зургаадугаар сарын 9-ний өдөр байхад хаврын хавсарга шиг сэрүүхэн байсаар бүсгүйчүүд ноосон цамцнаасаа ч салж чадахгүй байсаар. Тэгвэл яагаад зун дулаарахгүй байгааг Бакалаврын сэдвээ Уур амьсгалын өөрчлөлтөөр хийсэн С.Цэрэндорж ингэж тайлбарлав.

Тэрбээр, “Монголд сүүлийн үед зун хүйтэн байх нь ихсэж байгааг анзаарч байна уу. Шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарыг доор дурдъя. Тэнгэрийн "хана" нурсан нь Бидний толгой дээр, агаар мандлын дээд давхаргад Jet Stream (Тийрэлтэт агаарын урсгал гэх юм уу даа) гэж нэрлэгддэг маш хүчтэй салхины "гол" хойд туйлыг тойрон урсаж байдаг. Энэ урсгал нь хойд туйлын хахир хүйтэн агаарыг урагш алдалгүй барьж байдаг байгалийн асар том далан гэж нэрлэж болох юм. Гэвч Арктикийн мөс хайлж, туйл орчмын агаар дулаарснаар энэ "далан" хүчээ алдаж, шулуун байсан голдирлоо өөрчлөн аварга том долгион үүсгэж эхлэв. Яг одоо Монголын дээгүүр энэ долгионы "хотгор" хэсэг таарч, Арктикийн хүйтэн агаар ямар ч саадгүйгээр манай нутаг руу цутган орж ирж байна. Шинжлэх ухаанд үүнийг "Арктикийн халдлага" гэж нэрлэдэг.

"Түгжигдсэн" агаар буюу Агаар мандлын гацалт:

Ердийн үед цаг агаарын фронтууд баруунаас зүүн тийш нүүдэллэн өнгөрдөг бол одоогийн Jet Stream-ийн сулрал нь "Atmospheric Blocking" буюу агаар мандлын түгжрэлийг үүсгэж байна.

Энэ нь яг л замын түгжрэл шиг, хүйтэн агаарын масс манай бүс нутаг дээр ирээд хөдөлгөөнгүй "гацчихаж" байгаа хэрэг. Үүний улмаас зуны эхэн сарын нартай өдрүүдийн оронд Сибирийн жиндүү салхи хэдэн хоногоор, бүр долоо хоногоор үргэлжлэн Монголыг "хөргөж" байна.

Ла-Нинья: 10,000 км-ийн цаадах "Эрвээхэйн нөлөө":

Монголоос алс хол орших Номхон далайн экватор орчмын ус ердийнхөөсөө хөрөх үзэгдлийг Ла-Нинья гэдэг. "Монголд ямар хамаатай юм?" гэж санагдаж болох ч далай дахь энэ хөрөлт нь дэлхийн агаарын даралтын системийг бүхэлд нь хөдөлгөөнд оруулдаг.

Түүхэн статистик мэдээллээс харахад Ла-Нинья идэвхтэй жилүүдэд Төв Азийн бүс нутагт зуны эхэн сар ердийнхөөс сэрүүн, салхи шуургатай байх магадлал эрс нэмэгддэг нь батлагдсан зүй тогтол юм.

"Дэлхий дулаарч байгаа бол яагаад хүйтэрч байна вэ?" гэх асуулт хамгийн түгээмэл. Хариулт нь энгийн: Дэлхийн дулаарал нь цаг уурын тэнцвэрийг алдагдуулж, эрс тэс байдлыг (climate instability) өдөөж байна. Анхны Бакалаврын ажлаа дэлхийн дулааралтай сэдвээр хийж байлаа.

Бид ердийн дулаан зуны оронд "хэт халуун" эсвэл "хэт хүйтэн" гэсэн хоёр туйл руу шилжиж байгаа хэрэг. 6-р сарын энэ хүйтрэл бол агаар мандал дахь энергийн хуваарилалт алдагдсаны тод жишээ юм” гэв.

Эх сурвалж: NOAA (National Oceanic and Atmospheric Administration)

WMO (World Meteorological Organization)

IPCC (Intergovernmental Panel on Climate Change)

Докторант Ц.Содномдамба


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна