ТОЙМ: Хойд Солонгос дахь Хятад улсын ашиг сонирхол юу байв?

Admin
2026/06/10

БНХАУ-ын дарга Ши Жиньпинь БНАСАУ-д төрийн айлчлал хийж, 06 дугаар сарын 09-ний өдөр айлчлалаа өндөрлүүлэн буцсан. Түүний энэ айлчлалын талаар Японд амьдардаг солонгос гаралтай сэтгүүлч, шинжээч, Korea Report) сэтгүүлийн үүсгэн байгуулагч, ерөнхий редактор Jinil Byun дараах тоймыг нийтэлжээ.

Хятадын дээд удирдагч Умард Солонгост айлчлал хийх нь тун ховор бөгөөд 2001 онд Жян Зэминь, 2005 онд Ху Жиньтао, 2019 онд Ши Жиньпин нар айлчилж байжээ. Харин Умард Солонгосын хувьд Ким Чен Ир нийт 7 удаа, Ким Жон Ын 2025 оны 9 дүгээр сард болсон Японы эсрэг дайнд ялсны 80 жилийн ойг оролцуулбал 5 удаа айлчилжээ.

Гэхдээ Ким Жон Ун нь эцгээ нас барсаны дараа төрийн эрх авснаас хойш 7 жилийн дараа 2018 онд, Хятадын дарга Ши Жиньпин өмнөх удирдагчийн айлчлалаас хойш 14 жилийн дараа тус тус маш хол зайтай айлчлал хийж байв.

Үүний шалтгаан нь Умард Солонгос 2006 онд анхны цөмийн туршилт хийж, цөмийн хөтөлбөр эрчимжүүлж, Хятад Улс үүнд нь дургүйцэн АНУ-тай хамтран НҮБ-ын хориг арга хэмжээнд оролцсон явдал юм. 2013 онд Умард Солонгос 3 дахь удаагийн цөмийн туршилт хийхэд Хятадын Коммунист намын хэвлэл

болох “Хуаньцю Шибао” сонин редакцын өгүүлэлдээ “Хэрэв Умард Солонгос дахин цөмийн туршилт хийвэл Хятад Улс харилцаагаа таслахад ч бэлэн байна” гэж эрс хатуу байр суурь илэрхийлж байсан бол Умард Солонгос нь “Цөмийн зэвсэг бол бидний амин чухал зүйл. Бид Хятадтай найрсаг харилцаагаа хадгалахын тулд үүнийгээ золиослохгүй” хэмээн мэдэгдэж,

Бээжингийн бодлогыг шүүмжилж байжээ. Гэсэн хэдий ч Хятад Улсын хувьд Умард Солонгосоос нүүр буруулж чаддаггүй 5 гол шалтгаан бий.

Үүнд:

1) Үзэл суртлын шалтгаан:

Умард Солонгос бол Хятадын хувьд хүйтэн дайнаас хойш дэлхийд үлдсэн цөөн социалист орны нэг, уламжлалт холбоотон нь бөгөөд Хятадын Коммунист нам болон Солонгосын Хөдөлмөрийн нам нь нэг намын тогтолцоо хадгалж буй “журмын нөхөд” юм. Өмнөд Солонгостой Хятад Улс эдийн засгийн ашиг сонирхлоор холбогддог бол Умард Солонгостой түүхэн болон үзэл суртлаар холбогддог.

2) Гэрээний шалтгаан (Тайванийн асуудал):

1961 онд “БНХАУ–БНАСАУ-ын найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах гэрээ” байгуулагдаж өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна. Уг гэрээнд хэрэв нэг тал нь гаднын халдлагад өртөж дайны байдалд орвол нөгөө тал нь цэрэг болон бусад бүх төрлийн тусламжийг нэн даруй үзүүлэх үүрэгтэй гэж заасан. Умард Солонгос нь ОХУ-тай байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээний хүрээнд Орос руу цэрэг илгээсэнтэй адил, Тайванийн асуудлаас үүдсэн зөрчил үүсэн гарвал Хятад Улс нь Умард Солонгосоос тодорхой хэмжээний цэргийн дэмжлэг авах боломжтой гэж үздэг.

3) Геополитикийн шалтгаан:

Хэрэв Солонгосын хойг ирээдүйд АНУ-ын нөлөөн дор орох, эсвэл Умард Солонгос Өмнөд Солонгостой нэгдвэл Хятад Улс нь АНУ-ын хувьд хамгаалалтын бүс буюу “буфер бүс”-ээ алдана. Энэ тохиолдолд АНУ-ын цэргүүд Хятадтай хиллэх бүсэд байрлах болж, Бээжингийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүснэ.

4) Байгалийн баялаг, эдийн засгийн стратегийн шалтгаан:

Умард Солонгос нь Хятадын зүүн хойд бүс нутгийн хөгжлийн стратегид чухал байр суурь эзэлдэг. Хар мөрөн, Ляонин, Жилин мужуудын эдийн засгийг хөгжүүлэхэд Япон тэнгис рүү гарах гарц шаардлагатай. Умард Солонгосын Расон, Чонжин боомтууд нь тэдний хувьд Номхон далай руу гарах стратегийн чухал гарц юм. Мөн газрын ховор элемент зэрэг ашигт малтмалаар баян

Умард Солонгос нь барууны орнуудтай сөргөлдөж, олон улсын зах зээлээс өөрийгөө тусгаарлаж байдаг нь Хятадын хувьд хөрөнгө оруулах, нөөц баялгийг нь ашиглах монопол эрх болдог.

5) Түүх, үндэстний асуудлын шалтгаан:

Хятад Улсын хувьд Төвд , Шинжаан дахь үндэстний асуудал нь эмзэг сэдэв байдаг. Жилин мужид олон сая солонгос үндэстэн амьдардаг бөгөөд Умард Солонгостой тогтвортой харилцаатай байгаа нь эдгээр бүс нутагт салан тусгаарлах хөдөлгөөн хүчтэй өрнөхөөс тодорхой хэмжээгээр сэргийлдэг. Хэрэв Хятад, Умард Солонгосын харилцаа муудвал Умард Солонгос нь

түүхийн болон хилийн асуудлаар Өмнөд Солонгосын байр суурийг дэмжих магадлалтай нь Хятадын дотоод дахь үндэстний бодлогод сөргөөр нөлөөлнө.

Эх сурвалж: news.yahoo.co.jp


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна