Төрийн эрх мэдэл хувийн бизнесийг аврах хэрэгсэл болж хувирсан уу? Баянзүрх дүүргийн 22-р хороонд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлээд нийт 37 айлын газрыг чөлөөлж, А болон Б блок барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. Гэвч тодорхой хүндрэлээс болж А блокийн барилга цааш үргэлжлэх боломжгүй болж олон жил гацаж иргэдийг хохироосон гэх “Ай Ди Си Проперти” ХХК-ийн төслийг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК үргэлжлүүлэхээр ажиллаж эхэлсэн нь анхаарал татаж байна.
Тус компани албан ёсны цахим хуудсаараа төслийг үргэлжлүүлэх, хөрөнгө шилжүүлэх асуудлаар “Ай Ди Си Проперти” ХХК болон иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийсэн талаар мэдээлжээ. Гэвч энэ асуудлын цаана ашиг сонирхлын ноцтой асуулт гарч ирж байна. Учир нь “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн захирал, НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөөмөө нь “Ай Ди Си” ХХК-тай хамтран “Түрүү Инфо Эйжинси” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байгаа нь улсын бүртгэлийн мэдээллээс харагдаж байна. Харин “Ай Ди Си Проперти” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь мөн “Ай Ди Си” ХХК байгаа нь ил болжээ. Өөрөөр хэлбэл, иргэдийг хохироосон гэх асуудалд нэр холбогдсон төслийн эзэмшигч талтай холбоотой компанитай хамтран бизнес эрхэлдэг НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөөмөө өнөөдөр нийслэлийн өмчит компанийн захирлаар ажиллаж, тухайн төслийг төрийн оролцоотойгоор үргэлжлүүлэх ажлыг удирдаж байгаа дүр зураг харагдаж байна. Энэ нь ашиг сонирхлын зөрчил мөн үү? Нийслэлийн өмчит компанийн захирал өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой төслийн асуудалд оролцох ёстой юу? Иргэдийг хохироосон гэх төслийн эрсдэлийг нийслэлийн өмчит компанид шилжүүлж байгаа хэрэг үү? Эсвэл үнэхээр иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилготой шийдвэр үү? Хамгийн гол нь нийслэлийн өмчит компанийн захирал төрөөс олгосон эрх мэдэл, албан тушаалын нөлөөг ашиглан өөртэй нь холбоотой бизнесийн бүлэглэлийн асуудлыг шийдвэрлэж байгаа мэт харагдаж байгаа нь олон нийтийн дунд хардлага төрүүлж эхэллээ. Хэрэв энд ашиг сонирхлын зөрчил байгаа бол энэ нь зөвхөн нэг төслийн асуудал биш. Нийслэлийн өмч, татвар төлөгчдийн хөрөнгө, иргэдийн эрх ашигтай холбоотой асуудал болж хувирна. Тиймээс дээрх нөхцөл байдалд холбогдох байгууллагууд анхаарал хандуулж, шийдвэр гаргах үйл явцад ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг олон нийтэд ил тод тайлбарлах шаардлага үүсээд байна. Төрийн эрх мэдэл үнэхээр иргэдийн төлөө ажиллаж байна уу, эсвэл хэн нэгний хувийн бизнесийн асуудлыг шийдвэрлэх хэрэгсэл болж хувирсан уу гэдэг асуулт өнөөдөр хариулт нэхэж байна




Сэтгэгдэл (1)