Volunteer Mongolia-н үүсгэн байгуулагч А.Ням-Од: Одоо засварын ажиллагаа 70-80 хувьтай явж байна. Энэ төслийг эхлүүлснээс хойш сарын хугацаа өнгөрсөн. Бид нар эхний 25 хоногийн хугацаанд нүхэн гарцын цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгалыг хийсэн. Үүний араас 70 орчим плитаг Монгол алтайн брагшуны залуус гаргаж, бид хамтран наасан. Одоогоор будгийн ажил л үлдсэн байна. Гэхдээ нэг асуудал тулгарсан нь тааз. Нүхэн гарцын тааз цоорч, элэгдсэн, ус гоожиж байгаа. Бид нар таазыг засуулахаар мэргэжлийн байгууллагатай холбогдоод Оюу толгойн гүний уурхайн ус тусдаг хэсгийг зогсоодог хүмүүстэй уулзахад 78 сая төгрөг шаардлагатай гэсэн. Хөрсний дусаж байгаа усыг зогсоох зориулалтын материал хэрэглэхийн тулд ийм хэмжээний мөнгө хэрэг болох юм билээ. Иймд бид нар арай хялбар аргаар яаж хийж болох тал дээр анхаарч, ядаж насжилтыг нь уртасган сэргээн засварлах ажлыг хийх нэг арга олсон. Хийсэн шиг хийе гээд тааз руу их анхаарч байгаа болохоос хана аа дуусгахад асуудалгүй байгаа. Одоогоор зурах хүмүүс нь бэлэн болчихсон. Скилл зураг гарчихсан байгаа. Монгол бичгээр бичих багш нар маань бэлэн. Ер нь ирэх долоо хоногт амжаад дуусчихна гэж найдаж байна. Бид нарт одоогоор 6.5 сая төгрөгийн зардал хэрэгтэй болсон. Таазны ус тусаж байгаа хэсэгт мэргэжлийн хүмүүс ажиллуулахын тул тэдний цалин, шаардлагатай материал дээр гацалт үүсчхээд байна. Бид энэ талаар одоогоор Unitel компанид хүсэлт өгсөн. Пүрэв гарагт бидэнд хариу өгнө гэсэн. Энэ хариуг л хүлээж байна даа.
Багшийн дээдийн нүхэн гарцын таазыг засварлахад заавал мэргэжлийн хүмүүсийн үйлчилгээ бараа материал хэрэгтэй болсон тул сайн дурын залуус ийнхүү хувийн хэвшлүүдтэй уулзан, шаардлагатай 6.5 сая төгрөгийг олохоор ханцуй шамдан хичээж байна. Хүрээлэн буй орчны цэвэр цэмцгэр байдал нь хүний ухамсарт нөлөөлж, гэмт хэргийн гаралтыг бууруулдаг гэх судалгаа байдаг. Иймд А.Ням-Од болон бусад сайн дурын залуус нэгдэн нийслэлчүүдийн өдөр тутамдаа зорчдог нүхэн гарцын хананд бүдүүлэг үгс, замбараагүй дүрсүүдийг арилгаж Монгол хүний заавал мэдэх ёстой 10 афоризмыг Уйгаржин Монгол бичгээр байршуулж, соён гэгээрүүлэх үйлс хийхээр хичээж байгаа нь энэ юм. Залуус тус нүхэн гарцын хананд эхний ээлжид Зориг агсан, Их зохиолч Д.Нацагдорж, Дорнын их яруу найрагч Б.Явуухулан нарын шүлэг бүтээлүүдийг байршуулахаар зорьж байгаа гэдэг мэдээллийг өгсөн
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна