Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Гандон дүүргээс 1989 оны тавдугаар сард сураггүй болсон хүү 35 жилийн дараа олджээ. Чой нэртэй хүү алга болох үедээ 10 настай байсан бөгөөд авгындаа амьдардаг байв. Хүүгийн аав 1988 онд нас барсан бол ээж нь өвчтэй байжээ.
Сөүлийн цагдаагийн газар 45 настай Чойгийн байршлыг тогтоож, гэр бүлийнхэнтэй нь уулзуулсан гэдгээ Ням гаригт мэдэгдэв. Хүүг эрэн хайх ажиллагаа царцсан байсан. Харин хүүгийн ээж, авга нар 2022 онд дахин холбогдож, мөн оныхоо долдугаар сард дахин эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Мөрдөн байцаагчид Чойгийн бага сургуульд элссэн үеэс эхлээд бүх л мэдээллийг цагдаа, засгийн газрын бүртгэлээр дамжуулан хянасан байна. Мөн Үндэсний эрүүл мэндийн даатгалын алба, харилцаа холбооны компаниуд, засгийн газраас татаас авдаг, Чойтой хувийн мэдээлэл нь таарч буй хүмүүстэй холбогдон ажиллагааг өргөжүүлжээ.
Эцэст нь хүүгийн ээжийн ДНХ-г ар гэрийн байдал тодорхойгүй 309 хүнийхтэй харьцуулснаар эрэн хайх ажиллагаанд томоохон дэвшил гарсан байна. Эндээс эрэн хайх ажиллагааны цар хүрээ нарийсч, 39 боломжит хувилбар гарч иржээ. Тэдний дундаас Бусан дахь насанд хүрээгүй хүүхдийн хамгаалалтын төвд байсан нэг хүүхдийг цагдаа нар онцлон анзаарчээ.
Тухайн хүүхдийн нэр, төрсөн огноо Чойгийнхтой таараагүй ч хүүхэд насны зургийг нь авга ах нь таньсан аж. Чой 16 нас хүрэхдээ нэр, төрсөн огноогоо шинээр бүртгүүлснийг сүүлд тогтоосон байна. Ингээд Шүүхийн шинжилгээний үндэсний албаны ДНХ-ын шинжилгээгээр хүүг Чой мөн болохыг баталснаар хэрэг хаагджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна