Сүүлийн жилүүдэд нийгмийг цочроосон аймшигт хэргүүд ар, араасаа гарах болсон
2025 оны есдүгээр сард Баянзүрх дүүрэгт хамтран амьдрагч, 30 настай эмэгтэйгээ хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь шүүгээнд нуусан хэрэг гарсан юм. Цагдаагийн байгууллагад тухайн үед “Миний ах хамтран амьдрагчийнхаа амийг бүрэлгэсэн гээд 2-3 хоног архи уугаад байна” гэсэн мэдээлэл хэрэгт холбогдогчийн дүү өгсний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Улмаар уг хэргийг 45 настай С.Ундрах гэх, удаа дараа ял шийтгүүлж байсан хүн үйлдсэнийг хөдөлбөргүй тогтоосон аж. Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 10.1-2.1, 10.1-2.8 дахь хэсгийн “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр хүний амь хөнөөсөн” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Түүнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцээд 20 жил хорих ял шийтгэжээ. Уг ял дээр нь нэмээд өмнөх гэмт хэргээсээ эдлээгүй, тэнсэн суллагдсан гурван жил 22 хоногийг нэгтгэн хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн гэнэ. Мөн түүнээс 118 сая төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу ар гэрийнхэнд нь олгуулахаар болжээ.
С.Ундрах нь хамгийн сүүлд 2015 онд бусдыг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэм буруутайд тооцон 17 жил хорих ял шийтгүүлсэн бөгөөд 2022 онд хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан байж. Харамсалтай нь тэнсэн харгалзах хугацаанд нь хяналт тогтоох ёстой байгууллага ажлаа хангалтгүй хийсэн, хөршүүд нь гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэгэн эмэгтэй харамсалтайгаар бусдын гарт амиа алдсан юм.
Сэтгэгдэл (1)