Хүннү хотын захирагч М.Батбаяр: Ипотекийн зээлтэй иргэн Хүннү хотод орон сууц авах бол дахин ипотекийн зээлд хамрагдах боломжтой

Admin
2025/05/08

Энэ хотод 150 мянган хүн оршин сууна. Хотыг 34 мянган га газарт барьж байна.  

Ирэх онд энэ хотын авто замуудыг барьж дуусгана. Эхлээд инженерийн дэд бүтцээ бүрэн шийдсэний дараа тус хотод газар олгоно. Гэхдээ тээвэр логистикийн чиглэлд ажиллах ААН-д газар түрүүлж олгоно. Учир нь тээвэр-логистикийн төв ирэх аравдугаар сард ашиглалтад орно.  

Ингэснээр ирэх намраас эхлэн нийслэлийн дундуур зөвхөн хүн, ачаа, транзит, нүүрс тээвэрлэсэн вагонууд зорчино. Бусад бүх тээврийн галт тэргийг Багахангай дүүргээс салаа төмөр замаар Богд уулын урагшаа, Хөшигийн хөндий дэх шинэ төвд буулгана. Энд ачааны агуулахууд барих юм.

Тээвэр логистикийн төвд үйл ажиллагаа явуулах ААН-үүдийг төслийн сонгон шалгаруулалтаар сонгоно. Дуудлага худалдаа зарлахгүй. Газрыг үнэ төлбөргүйгээр энэ онд багтаан олгоно.   

Хүннү хотод иргэдийн худалдан авах чадварт тохирсон орон сууц барихад анхаарна. Төрийн албан хаагчид энд олноороо ирж ажиллана. Төр-хувийн хэвшлийн түншлэлээр хотхон хэлбэрээр хэрэгжүүлнэ. Ипотекийн зээл авсан иргэн дахин энэ зээлийг авах боломжгүй байдаг. Харин Хүннү хотод орон сууц авах бол энэ журам үйлчлэхгүй.  

Учир нь бид шинэ хотод олон хүнийг суурьшуулахыг зорьж байна.
Аливаа хотод таван төрлийн дэд бүтэц хэрэгтэй. Эдгээр нь цахилгаан, дулаан, ус, холбоо, үерийн далан, суваг юм. Эдгээрийн гурвыг одоо хийж байна. Гүйцэтгэл 40-70 хувьтай байна.  Цэвэрлэх байгууламжийг энэ онд төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлнэ. Олон улсын тендер зарлана.    

Төрийн байгууллагууд түрүүлж энэ хотод шилжиж ирнэ. 2028 онд эхний оршин суугчдаа хүлээн авахаар ажиллаж байна. Эхний ээлжид 10 мянган хүнийг суурьшуулна.  

Анх энд хот байгуулах шийдвэр гарахад 3000 нэгж газар давхардсан байв. Эдгээрийг чөлөөлөх шаардлагатай. Газрыг нь өөр газраар солих эсвэл нөхөн олговор олгох сонголтууд бий. Төв аймгийн удирдлагуудын олгосон 300 газрыг цуцалсан. Одоо 1400 нэгж талбарыг Төв аймгийн Алтанбулаг суманд шилжүүлэх ажил бий.  Нийслэл, Төв аймагтай хамтран ажиллаж байна.

50 орчим ААН бидний нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхэд хандсан.        

Өнгөрсөн оны нийслэлийн төсвийн хөрөнгөөр 158 сая төгрөгийг газар чөлөөлөхөд зарцууллаа.  1400 нэгж талбарыг шилжүүлэхэд зарцуулсан дүн юм.  

2024 оны зургаадугаар сард Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан.   Дараа нь Төв аймаг, нийслэлийн оролцоотойгоор Хүннү хотын корпорацыг байгууллаа. Энэ  корпорац төрийн нэрийн өмнөөс хөрөнгө оруулагчидтай зөвшилцөх,  төслийг сонгон шалгаруулах замаар газрыг хуваарилна. Дэд бүтэцтэй газарт л хөрөнгө оруулна.  

ХҮННҮГ ЭКО ХОТ БОЛГОХООР ЗОРЬЖ БАЙНАХүннү хотын цахилгаан хангамжийг шийдсэн. Магистраль шугам сүлжээний ажил дууссан. Салбар шугам сүлжээний зургийн тендер зарлаад байна. Мөн шинээр байгуулах Хүннү хотын авто замын зураг төслийг боловсруулах тендерийг зарлахаар бэлдэж байна.   

Газрын гүний дулаанаар хотын дулааныг шийдэх боломжтой гэсэн мэдээлэл бий. Иймд 3000 метрийн гүнд газрын гүний дулааны хайгуулыг хийнэ, наймдугаар сард өрөмдөнө. Сэргэлэн сум орчмын газрын гүнд хавтанцрын заагаар газрын гүний дулаан байх магадлал өндөр. Энэ төсөл амжилтад хүрвэл Хүннү хот эко хот болно. Өөрөөр хэлбэл нүүрс түлэхгүй.         

Хүннү хотыг байгуулахдаа өмнөх алдаануудаа давтахгүй. Ирэх онд хотын авто замуудыг барьж эхэлнэ.        Мөн Хүннү хотод төр хувийн хэвшлийн түншлэлээр 300 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих тендер зарлана. Нар, салхи, батарей хосолсон байна. Хувийн хэвшил хөрөнгөө гарган гүйцэтгэнэ.      


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.91
13 цагийн өмнө
0
0
Юу ч болоод байгаан бүү мэд золиг шиг бантан болж байнаа
Хариулах