Ээлжлэн солигдох цаг хугацааны эргүүлгийг дагаж Монголчууд бид жил жилийн хавартай учран золгож ирлээ. Урин дулааныг дуудах энэ л цагийн аяс бидний сэтгэлд уянга, хөг аялгуу нэмдэг. Нялх төлийн дуу цангинахтай зэрэгцэж намуухан урсах гол горхины чимээ, хаа нэгтэйгээс сонсогдох шувуудын жиргээ амьтай бүхний сэтгэлийг өөрийн эрхгүй гэгэлзүүлнэ. Зон олны магнай тэнийсэн зол жаргалын эхлэл билэгдэх энэ л өдрүүдэд уран бүтээлчдийн онгод хөглөгдөж хаврын тухай олон уран бүтээлүүд төрөн гарсан нь бий. Ингээд уншигчдадаа Монголын уран бүтээлчдийн билиг оюунаас төрөн гарсан "Хаврыг" илэрхийлсэн бүтээлүүдээс хүргэж байна.
Л. Өлзийтөгс
Д. Батбаяр багшдаа зориулав
Моддын навч, салхи, тэнгэр гүний алс
“Мой”, “Друг”, “Зонтик”
Тэнэмэл үгс, энэ мэт гуниг, энгэрийн гурван улиас
Тэнгэр минь!
Тэвчээд үлдчихмээр сайхан юм орчлонд яасан их вэ
Хуучин амьдралын үүдэнд шив шинээрээ зогсох
Хув хуурай уруул дээр нойтон цас бутрах
Хундага дарс руу өнгийж гуниг зовлонгоо мартах
Хугарсан балын харандаагаар бүтэн харандаа зурах
Салхинд хормой дэрвэхийг мэдээгүй юм шиг алхах
Сайхан хүний нүднээс бурхны гэгээг үзэх
Үүрээр сэрчихээд юу ч бодолгүй хэвтэх
Үхмээр санагдсан ч үхэж чадахгүй байх
Хаврын бороо, шүлэг. Алсын алс
Хаа нэгтээ гуйвсан зам
Тэнэмэл бодол, энэ мэт хүсэл. Ээж…
Тэнгэр минь
Тэвчээд үлдчихмээр сайхан юм орчлонд яасан их вэ?
ХХХ ХХХ ХХХ
Данзангийн Нямсүрэн: "Дөрвөн цаг" /Хавар/
Цас хайлж ханзрах сайхан
Цаг ирэх сайхан
Чамайг хүлээх сайхан
Цаг харах сайхан
Шувуу ирээд буух сайхан
Чулуун дээр суугаад нисэх сайхан
Харгуй замаар хүн явах сайхан
Хадан дээр би суух сайхан
Айлын бүсгүй усанд явах сайхан
Арын булаг уруу дурандах сайхан
Цэнхэр зэрэглээ сүүмэлзэх нь сайхан
Цэнхэр дээл чамд зохих нь сайхан
Толгодын орой зэрэглээтэх сайхан
Торгон салхи сэвэлзэх сайхан
Хөх ногооны униар татах сайхан
Хөх мананд нь ороолгон суух сайхан
Амгалан шөнө нойр хулжих сайхан
Алсын чимээ анирлах сайхан
Бүүр түүр холд нэг юм жингэнэх сайхан
Бүүвэй бүүвэй хорвоо сайхан
Хэн нэгэн ирээд явах сайхан
Хэрэг болгож надаас, гал байна уу гэж асуух сайхан
Ертөнцийг аргадах хийгээд, бусдыг бодох сайхан
Юм бүхнийг хайрлах, гол мөрөн урсах хоёр сайхан
Цөн түрж, гол урсах нь сайхан
Цөмөрвөл, би ч бас урсана даа гэж бодох сайхан
Өглөө голын эрэгт, ганцаархнаа сайхан
Орой голын хөвөөнд чамтайгаа сайхан
Хашаа тэргэн дээр шаазгай үглэх сайхан
Хаанаас хэн ирэх нь зөн шиг сайхан
Дөрвөн зүгээс ураг садан ирэх нь сайхан
Дөтийн замаар хань нөхөд ирэх нь сайхан
Цэнхэрлэж нутгийн бараа харагдах нь сайхан
Цэлэлзэж нүдний нулимс гарах сайхан
Дөрөөн дээр өндийгөөд исгэрэн давхих сайхан
Дөрвөн туурайн хооронд шувуу нисэх сайхан
Хаврын өглөө эрт босох сайхан
Хазаар аваад моринд явах сайхан
Сэрүүн цас үнэртэх нь сайхан
Сэмжин мөснөөс хүлхэх нь сайхан
Он он жил хөдөө суух сайхан
Од мэт хөх дан сууцанд амьдрах сайхан
Дээр яваа сансрын хөлөг эргэж ирэх сайхан
Дээврийн цас хайлж янжуурын цог дээр тусах сайхан
Ургамал цэцэг ургаж ногоорох нь сайхан
Утасны мод хөхөрч гандах нь сайхан
Он жилүүд ирэх сайхан
Он жилүүд одох сайхан
Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэгээгээр явах сайхан
Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан
Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд гол урсах сайхан
ХХХ ХХХ ХХХ
Д.Нацагдорж "Хавар" шүлэг
Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар
Холхи нар ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ
Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана
Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход
Гэртээ суусан малчин түүнийг чанга уярна
Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад
Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ
Эелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээд
Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ
Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд
Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.
МОНГОЛЫН ХАВАР АЙЛЧИЛАН ИРЛЭЭ ....
ХХХ ХХХ ХХХ
Урчуудын эвлэлийн шагналт зураач Ц.Жамсран 'Орхоны хавар' бүтээл
МУ-ын Ардын зураач, Төрийн шагналт, УГЗ, МУЭ-ийн шагналт зураач Ш.Чимэддорж "Хавар"
Зураач П.Бат-Орших “ИХ ХААНЫ ЦЭНГЭЛ”
МУЭ-ийн гишүүн зураач Ц.Батжаргал "ТУС"
Дэлхий хамтлаг "Хавар"
Энх улирал, хавар цаг, хүн бүрийн сэтгэлд хүсэл мөрөөдөл сайхан бүхний эхлэл мэт сангддаг. Тиймээс ч авьяас билигт зохиолч, найрагч, зураач, хөгжмийн зохиолчид хаврыг өөр өөрийнхөөрөө дүрслэн бичиж, аялгуулан зурагласан нь өнөөдөр ч урин цагийн өнгийг сануулах мэт сэтгэл үргэлж хөглөж байдаг билээ.
Тиймээ зон олны сэтгэлд баяр цэнгэл дагуулах урин цаг, хавар цаг уянга эгшигтэй айсуй. Сэтгэлийн хойморт жаргалын дуу эгшиглэж, бодлын чинадад мөрөөдлийн найраг хөврөх энх улирал ийнхүү айлчлан ирлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна