Чөлөөт бөх 65 кг жинд Түвшинжаргалын Энхжин мөнгө, 72 кг жинд Зоригтын Болортунгалаг хүрэл медаль хүртлээ. Ийнхүү Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад 10 тамирчнаа сойж 4 хүрэл, 1 мөнгөн медальтай буцлаа.
Чөлөөт бөхийн 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Йордан Улсын нийслэл Амман хотод үргэлжилж байна.
Тэмцээний эмэгтэй төрлийн сүүлийн таван жингийн барилдаан өчигдөр болж Монголын шигшээ багийн тамирчин барилдсанаас хоёр нь медалийн тавцанд зогслоо.
Тодруулбал, 65 кг жинд Түвшинжаргалын Энхжин Өмнөд Солонгосын Жеонхэ Барк, Узбекистаны Шахзода Алланияазоваг ялж финалд шалгарсан ба Японы Мива Морикавад ялагдаж мөнгөн медаль авлаа.
Харин 72 кг жинд Зоригтын Болортунгалаг эхний шатанд Хятадын Ючи Лиүд 6-4 харьцаагаар ялагдсан. Ючи финалд шалгарснаар монголын бөх дагахаар болсон бөгөөд Узбекистаны Светлана Окназароваг ялж хүрэл медаль хүртлээ.
Мөн өчигдөр 53 кг жинд Чинболдын Отгонтуяа 5-р байр, 57 кг жинд Хүрэлхүүгийн Болортуяа 5-р байр, 62 кг жинд Сүхээгийн Цэрэнчимэд 7-р байрыг тус тус эзлэв.
Ийнхүү Монголын эмэгтэй шигшээ багийн Азийн аваргад 10 тамирчнаа сойж 4 хүрэл, 1 мөнгөн медальтай буцлаа.
Өнөөдөр эрэгтэй төрлийн таван жингийн барилдаанууд эхэлнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна