"Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн төсөл" батлагдах уу?

Admin
2025/03/26

300 гаруй жилийн өмнө Манж Чин Гүрэн Монголчуудыг өөрийн дарлалд байлгаж, оюун санааг нь удирдахын тулд “Даалуу” тоглоомыг дэлгэрүүлж Монголын ихэс дээдэс, ноёд даалуунд дурлан эд мал, эхнэр хүүхдээ ч  мөрийнд тавин тоглож байсан гэдэг. Тиймдээ ч даалууг Монголчууд хар мөртэй, гарал муутай тоглоом хэмээсээр ирсэн. Тэгвэл техник технологийн эрин энэ цаг үед цахим мөрийтэй тоглоомд донтон эрүүл мэнд, эд хөрөнгө, гэр бүл цаашлаад амь насаа алдах тохиолдол ихэссээр буй. “Ковид-19” цар тахал дэлхий нийтээр гарч, хөл хорио тогтоосон цагаас эхлэн иргэдийн интернэт хэрэглээ эрс нэмэгдсэн. Дэлхий нийтийг хамарсан тус цар тахал дэгдэхээс өмнө энэ төрлийн  тоглоом манай улсад өргөн дэлгэрээгүй байсан. Харамсалтай нь ковид дэгдэж гэрийн хорионд урт хугацаагаар суусан иргэд тэр дундаа эрчүүд цахим мөрийтэй тоглоомд донтож эхэлсэн байна. 

Судалгаагаар АНУ болон Европын зарим орнуудад цахим мөрийтэй тоглоомын иргэдийн оролцоо 2020 оны эхний хагас жилээс эхлэн 30-50 хувь өссөн гэж гарчээ. Манай улсын хувьд Ковид 19 цар тахлын эхэн үе буюу 2020 онд цахим мөрийтэй тоглоомд донтсон 3 иргэн СЭМҮТ-д хандаж байсан бол 2024 онд 104 болон өссөн байна. Энэ хугацаанд буюу сүүлийн дөрвөн жилд энэ төрлийн нийт 1360 хэрэг бүртгэлд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажил явуулсан бөгөөд эдгээрээс 299 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн юм. Цахим мөрийтэй тоглоом нь хууль бус платформ, мөнгө угаах, залилах, бүлэглэн зохион байгуулалттайгаар гэмт хэрэг үйлдэх, цаашлаад өөрийн амь насыг хохироох зэрэг үр дагавартай учир  гэмт хэрэг гэж үздэг. Иймээс цахим мөрийтэй тоглоомыг зохицуулах, хянах, хууль эрх зүйн орчныг сайжруулах нь эдгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг арга зам болж чадна. Хэдийгээр Их Британи болон Австрали зэрэг улс орнуудад цахим мөрийтэй тоглоомыг зохицуулах хууль тогтоомжтой бөгөөд зарим төрлийн мөрийтэй тоглоомыг хориглох, эсвэл зөвхөн зохицуулсан операторуудаар дамжуулан явуулах хууль тогтоомжууд байдаг. Харин манайх шиг жижиг эдийн засагтай, хүн ам багатай улсын хувьд цахим мөрийтэй тоглоомыг хуульчилж, бүр мөсөн хориглох нь зөв гэж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал  үзэж буй. 

Н.Учрал “Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, спортын бооцоот тааврыг зөвшөөрч, үүнээс бусад бооцоот таавар, цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн төслийг УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ хэмээн олон нийтэд мэдээлснээс хойш сар орчим хугацаа өнгөрчээ.

Тус хуулийн төсөлтэй холбоотойгоор Харилцаа холбооны зохицуулах хороо цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 6036 домайн хаягийг хаасан. Гэвч хууль бус үйл ажиллагаа шинэ домайнаар үргэлжилж иргэд цахим мөрийтэй тоглоом тоглосоор байна. Харамсалтай нь энэ төрлийн гэмт хэрэгт Төрийн өмнө тангараг өргөсөн, мөрдөстэй албан хаагчид буюу Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албан хаагчид холбогдов. Хууль батлагдах хүртэл хичнээн иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавих бол? Цахим мөрийтэй тоглоомыг хориглох тус хуулийн төслийн боловсруулалт бүрэн дууссан ч чухам УИХ яагаад батлахгүй удаж байна вэ?

13. Хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан "хуулиар хориглосон мөрийтэй тоглоом (казино)" гэдэгт ашиг хонжоо олох зорилгоор мөнгө буюу түүнийг орлогч металл (токенс) хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл, слот машин, мөн тоглоомын үйл ажиллагаанд мөнгийг орлуулан хэрэглэх зориулалтын тусгай хуванцар зоос (чип) буюу шоо, хөзөр, тэдгээрт зориулсан тоглоомын тусгай ширээ зэрэг казиногийн зориулалтаар өрөө, тасалгаа, тоног, төхөөрөмжийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаарна.

Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг нь сүүлийн жилүүдэд “цахим” орчинд ихэвчлэн үйлдэгдэж байна. Энэ төрлийн гэмт хэргийн онцлог нь их хэмжээний мөнгө эргэлддэг, хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бусдын дансаар дамжуулан санхүүгийн эргэлтэд оруулж байгаа нь давхар мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа юм. Мэдээж цахим мөрийтэй тоглоом нь казинотой адил эхний тоглолтод та хожно.  Ингээд таны дахин тоглох сэдлийг төрүүлж улмаар донтуулдаг байна. Мөрийтэй тоглоомд донтсон иргэд эд хөрөнгө, орон сууц, автомашин, хадгаламж, бэлэн мөнгөө алдах цаашилбал өрөнд орж, сэтгэл санаагаар унах, гэр бүл салах бүүр цаашлаад амиа хорлох хор уршиг дагуулж байгаа нь гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөл бий болдог юм. Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тэд тоглогч нарын хөзрийг компьютер дээрээсээ харах, урьдчилан программчилсан буюу хиймэл тоглогч оруулан хожуулах, эсвэл бот буюу хэд хэдэн аккаунтаар зэрэг тоглож, олон хүн тоглож байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг болох нь тогтоогдсон. Үнэндээ та ганцаараа бүх мөнгөө алдаад дуусна. Тиймээс та их ч байсан, бага ч байсан мөнгөө алдах нь тодорхой гэдгийг ойлгох хэрэгтэй гэж цагдаа, хууль, хяналтын байгууллагаас анхааруулсаар буй.  Харамсалтай нь та алдсан мөнгөө цагдаагийн байгууллагад хандаад ч эргэж олж авах боломжгүй. Учир нь тус данс нь гадаадад сервертэй байдаг байна.Энэ төрлийн гэмт хэрэг нь зохион байгуулалттай, олон хүний бүрэлдэхүүнтэй үйлдэгддэг. Мөн үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг гэж тооцогддог. Энэ ч утгаараа Монгол улсын иргэд сүүлийн жилүүдэд гадаад улсаас цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргийг бүлэглэн үйлдэх болсон.

Эрүүгийн хуульд гэмт бүлэг байгуулах гэдэг зүйл анги бий. Энэ зүйл анги нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.8.1 дүгээр зүйлд зааснаар зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэж гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав ба түүнээс дээш олон хүний тогтвортой нэгдлийг хэлнэ хэмээн хуульд зааж өгсөн. Цагдаагийн байгууллагаас 2023 оноос хойш "Торгоны зам" нэртэй мөрийтэй тоглоомтой холбоотой таван иргэний 10 дансыг, "Хос тамга" нэртэй мөрийтэй тоглоомтой холбоотой 11 иргэний 20 дансны шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон ажилласан.

Цаашид Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт орсноор Цахим мөрийтэй тоглоомын бүх төрлийн апплейкшн гар утсанд байршуулах боломжгүй болохын дээр, хууль зөрчиж тогловол Эрүүгийн хуулиар торгодог болно. Хууль бүрэн батлагдсаны дараа ios, apple стори, мета компани руу хандана. Ингэснээр цахим мөрийтэй тоглоомуудыг татах боломжгүй болох юм. Харин хууль зөрчиж өөр төрлийн линкнээс тус тоглоомыг татах, зуучлах, зохион байгуулбал Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Уг үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотойгоор Эрүүгийн хууль, Зар сурталчилгааны хууль, Зөвшөөрлийн хууль, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах юм. Цахим мөрийтэй тоглоомыг хууль зөрчиж зохион байгуулж хувь авбал Монгол банкнаас дансыг хаах, царцаах зэрэг арга хэмжээг авах юм.


Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”

Мөн хуулийн 2 дахь хэсэгт “Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасны дагуу дээрх хууль бус үйлдлийг зохион байгуулсан иргэн, аж ахуй нэгж байгууллагад хүлээлгэх хуулийн хариуцлагыг тодорхой заасан байна.

Цахим мөрийтэй тоглоом нь сүүлийн жилүүдэд гэмт хэргийн төрлүүдийг нэмэгдүүлсэн байна. Эдгээр гэмт хэрэг нь мөнгө угаах, залилан, хуурамч платформууд, насанд хүрээгүй хүмүүсийг татах зэрэг олон асуудлыг агуулдаг. Тиймээс цахим мөрийтэй тоглоомын платформууд болон үйл ажиллагааг зохицуулах, хянах нь нийгмийн аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. 2020 оны мэдээллээрИх Британид цахим мөрийтэй тоглоомтой холбоотой гэмт хэргийн тоо 50%-иар өссөн гэж судалгаагаар тогтоогдсон. Цахим мөрийтэй тоглоом нь манай улсад хууль, эрхзүйн зохицуулалтгүйн улмаас  хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт өсч, улмаар үүнтэй холбоотой гэмт хэргүүд гарсаар байна.  Монгол Улсын хувьд 2022 болон 2024 онд Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Казиногийн тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн ч харамсалтай нь дэмжигдээгүй. Цахим мөрийтэй тоглоом нь олон хүнийг эдийн засаг, эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд оруулж цаашилбал амиа хорлоход хүргэсэн байдаг. Мөрийтэй тоглоомын хамаарал нь зөвхөн тоглогчид төдийгүй тэдний гэр бүлийн гишүүдэд ч сэтгэл зүйн болон санхүүгийн хүндрэлийг үүсгэдэгЦахим гэмт хэрэгт донтсон олон аавын хөвгүүдийн ар гэр  Н.Учрал гишүүнийг Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн төслөө яарачвлан УИХ-аар батлуулахыг хүлээж суугаа биз ээ. 

 Мөн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн Тавдугаар бүлэг 5.7 /Мөрийтэй тоглоом тоглох/ дугаар зүйлд Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан хуулийн зохицуулалттай байна

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна