Онцгой байдлын албан хаагчид орон нутгийн замд осолдсон талаар мэдээлсэн.
Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад "Онцгой байдлын байгууллагын нэгдсэн сургалт, дадлагад оролцохоор явж байсан алба хаагчдын автобус Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг дэвсгэрт өчигдөр буюу 10 сарын 21-нд замын хажуугийн шон мөргөсөн осол гарсан.
Автобусанд 16 алба хаагч явсан бөгөөд ослын улмаас 3 алба хаагч хүндэвтэр, 7 алба хаагч хөнгөн гэмтэл авсан.
Онцгой байдлын байгууллагын зүгээс алба хаагчдынхаа эрүүл мэндийг хамгаалах шаардлагатай арга хэмжээнүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд өчигдөр Агаараас эрэн хайх, аврах ангийн яаралтай тусламжийн багийг илгээж, хүндэвтэр 3 хүнийг Улаанбаатар хотод авчиран Гэмтлийн согог судлалын үндэсний төвд хэвтүүлэн эмчлүүлж байна.
Хөнгөвтөр гэмтэл авсан 7 алба хаагчийг Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд өнөөдөр Улаанбаатар хотод авчирна.
Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Өвөрхангай аймгийн Цагдаагийн байгууллага ажиллаж байна" гэлээ.
Сэтгэгдэл (1)