ХБНГУ-д амьдардаг жазз дуучин Э.Энжаргал буюу Энжи Германы “Deutscher Jazzpreis-2025” жазз хөгжмийн оны шилдэг шалгаруулах наадамд нэр дэвшжээ. Тэрээр Монголын уламжлалт уртын дууг жазз хөгжимтэй хослуулан дуулдаг бөгөөд энэ онцлогоороо жазз хөгжим сонирхогчдын дунд танигдаад байгаа юм. Энэ удаагийн шалгаруулалтад 1000 гаруй уран бүтээлч оролцохоор материалаа ирүүлснээс шүүгчид 22 уран бүтээлчийг шигшиж, төрөл тус бүрээр нь дөрвөн номинацид нэр дэвшүүлсэн байна. Наадам зохион байгуулагчид ирэх долоо хоногт эцсийн нэр дэвшигчдийг танилцуулах бөгөөд эхний удаа "Шилдэг дуучин" номинацид дуучин Энжитэй хамт Эрик Лайтхаузер, Хайди Хайдельберг, Сера Кало нар нэр дэвшсэнийг цахим хуудсаараа зарласан байна. “Deutscher Jazzpreis-2025” наадмын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ ирэх зургаадугаар сарын 13-нд Кёльн хотод болох юм. Сүүлийн жилүүдэд Монголын уран бүтээлчид үндэсний дуу, хөгжмөө орчин үеийн хөг хэмнэлтэй хослуулан этник хэлбэрээр дуулж, хөгжимдөх болсон нь дэлхийн олон улсын хөгжим сонирхогчдын таашаан сонсдог урсгал болон хөгжөөд байгаа билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна