Нийслэл хотыг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийн хугацаа дууссантай холбогдуулан дараагийн буюу 2040 он хүртэл хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж УИХ-д өргөн бариад буй. Тэгвэл энэхүү “Улаанбаатар хот 2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг олон нийтэд, тэр дундаа нийслэлийн иргэдэд нээлттэй танилцуулж, мэдээлэл өгөх ажлыг Нийслэлийн ИТХ-аас зохион байгуулж байна. Эхний ээлжид Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хэрхэн хөгжүүлэхээр төлөвлөснийг нийслэлийн есөн дүүргийн иргэдэд танилцуулж дууслаа.
Тодруулбал, хоёрдугаар сарын 17-25-ны өдрүүдэд Багануур, Налайх, Баганхангай, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдэд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулж, мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хэрхэн хөгжүүлэхээр төлөвлөсөн талаар танилцуулгыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, "Улаанбаатар хот 2040" лобби бүлгийн дарга Г.Батсайхан ахлан төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нар хийлээ. Мөн Нийслэлийн ИТХ-ын нийт төлөөлөгчид сонгогдсон дүүрэг бүртээ ажилласан бөгөөд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга нар оролцсон бол нийслэлийн есөн дүүргийн иргэд уулзалтад идэвхтэй оролцож, санал бодлоо илэрхийллээ.
Нийслэлийн ИТХ-аас “Улаанбаатар хот 2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг дараагийн шатанд олон нийтэд танилцуулахаар төлөвлөөд байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна